"Гүн галуутай" цогцолбор ирээдүйн инженерүүдийг бэлтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-10-16 11:25:25

БСШУ-ы сайд Л.Гатөмөр Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Гүн галуутай” цогцолбор сургуулийн сургалтын үйл ажиллагаатай танилцлаа. 

Тус сургуулийн  хувьд сурагчдыг хүсэл сонирхлынх нь дагуу секц дугуйланд идэвхтэй  хамруулдаг байна. Жүдо бөхийн дугуйлан, БСШУЯ-наас зарласан “Авьяас” хөтөлбөрийн дагуу  үндэсний болоод орчин үеийн хөгжмийн дугуйлан, хүүхдүүдийн оюун ухаан, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой стем  технологийн дугуйлан хичээллэдэг байна.
Стем технологийн дугуйланд хичээллэснээр сурагчид ирээдүйд  төрөл бүрийн инженер болох суурь  тавигддаг аж. Уг дугуйланг өнгөрсөн  хичээлийн жилээс эхлэн байгуулсан бөгөөд анги бүрээс  ирээдүйд инженер болох сонирхолтой хүүхдүүдийг элсүүлжээ. Тэд өдөрт хоёр цагаар хичээллэдэг бөгөөд янз бүрийн техникүүдийг загварын дагуу эвлүүлдэг байна.
Стем технологийн дугуйланд хэрэглэдэг  хэрэглэгдэхүүний хувьд нэг бүр нь 500  мянган төгрөгийн үнэтэй аж. Харин Гүн галуутай цогцолборын сурагчдын хэрэглэж буй уг хэрэглэлийг тус сургуулийн төгсөгчид болоод бусад байгууллагын хандиваар авчээ.
Энэхүү дугуйланд суралцахыг хүссэн олон сурагчид байдаг гэдгийг тус дугуйлангийн багш Д.Болорцэцэг хэлж байлаа. Хэдийгээр цөөн тооны сургалтын хэрэглэлтэй хэдий ч нэг  хайрцагнаас нь 40 төрлийн загвар гардаг болохоор хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэхэд нэн тустай гэдгийг тэрбээр хэлсэн юм. 
 

Related news