Хамгийн идэвхтэй оролцсон нь Дорнодынхон гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-12 16:05:39

“Монголын нууц товчоо”-г эсгий дээр ширмэл оёдлоор учиг шингээх үйл ажиллагаанд нийтдээ 19 аймгийн 4000 гаруй иргэн оролцсоны хамгийн идэвхтэй нь Дорнодынхон байлаа гэж уг ажлыг санаачлан эхлүүлсэн Хэнтий аймгийн “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн захирал Ж.Нарантуяа ярилаа.

Түүхэн энэ бүтээлд бүх нийтийг хамруулах зорилгоор 21 аймгийг тойрч хүссэн хүн бүрт учиг шингээх боломж олгож байгаа нь олон түмний таашаалыг ихэд хүртсэн.

Монголын уламжлалт гар урлал болох зээгт оёдлоор 108 метрийн урттай эсгий дээр “Монголын нууц товчоо”-г мөнхлөхөөр урлаж эхэлсэн энэ ажил Өмнөговь аймгаар өндөрлөх юм.

“Дорнодоос бид Сүхбаатарын Эрдэнэцагаан сум орно. Өвөр монголын үзэмчин хошууны бүсгүйчүүд учиг шингээх ажилд оролцоё гэдэг хүсэлт тавьж, нэгэнт хил гаалиар энэ бүтээлийг гаргахгүй болохоор тэд цаанаасаа Эрдэнэцагаан суманд ирэхээр болсон” гэж зохион байгуулагчид нь ярьж байсан.

Б.Туяа

Related news