Эмч, эмнэлгийн ажилтнуудыг амин дэмээр хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-13 17:50:22

Дорнод аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан эм ханган нийлүүлдэг төвүүдийг уриалан эмч, эмнэлгийн ажилтнуудыг дархлаажуулах, томуугаас урьдчилан сэргийлэх зорилгоор витамин, амин дэмээр хангах ажлыг зохион байгуулав.

Энэ ажилд “Мөнхийн тун”, “Ази фарм”, “Монос фарм”, “Монгол эм импекс” концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд идэвхтэй оролцов. Тэд эхний ээлжинд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Хүүхдийн тасгийн эмч, мэргэжилтэн, ажилчдад дархлааг дэмжих олон төрлийн витаминыг гардуулан өглөө. Одоогоор хүүхдийн тасаг ачааллаа даахаа байж боломжтой бүх зай талбайгаа ашиглан үйлчилгээ үзүүлж байна.

Эмч нарын ярьснаар томуу үүсгэгч 200 гаруй төрлийн вирус байдгаас одоо яг дэгдэж байгаа томуугийн вирус нь риновирус буюу бидний нэрлэж заншсанаар шуухитнаа гэнэ. Энэ нь амьсгалын дээд зам хамар, залгиурын эрхтнийг үрэвсүүлэн, хоолой өвдөж нармай гэмтээдэг, хүндрээд ирэхээрээ хатгалгаа болох өндөр магадлалтай байдаг байна. Ийм нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг амин дэмээр хангаж байгаад тэд баярлаж байгаагаа илэрхийлэв.

                                                                                                                                      Б.Туяа 

Related news