“Дархан-Өргөө” коллеж сургуулийн орчинд бүтээн байгуулалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тус аймаг дахь “Дархан-Өргөө” политехник коллежийн 40 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулж “Түүхэн үйл явдлын ой тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг мөнхжүүлэх журам”-ын дагуу ойн баярыг тэмдэглэхийг дэмжлээ.
Сургуулийнхаа 40 жилийн ойг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх тухай мэдээллийг Коллежийн захирал Д.Эрдэнэбат танилцуулсан юм. Тэрбээр: “Манай сургууль нь анх 1977 оны 10 дугаар сард “Барилгын техникум” нэртэйгээр байгуулагдаж өнгөрсөн хугацаанд 7000 гаруй техникч болон мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж төгсөгчид нь эх орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна” гэв.
Тэргүүлэгчдийн хурлаас ойг тэмдэглэж өнгөрүүлэхдээ сурагчид, эцэг, эхчүүдээс хандив дэмжлэг авахгүй, улсын төсвөөс мөнгө гаргахгүйгээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг тус сургуулийн захирал Д.Эрдэнэбатад үүрэг болголоо. Тус Политехник коллежийн 40 жилийн ойн баяр энэ оны 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд болох бол сургуулийн хамт олон нь ойн хүрээнд сургуулийнхаа орчны гудамж талбайн тохижилт, бүтээн байгуулалтын ажил өрнүүлэхээр боллоо.
Б.Норовсамбуу