Дорнодын Баян-Уул сумын нутгийн 90 хувьд өвөлжилт хүндэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДМонгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх Дорнод аймгийн Баян-Уул суманд ажиллаж байна.
Баян-Уул сумын хувьд зуны саруудад хур бороо бага байсан ч 9-р сард олон хоног үргэлжлэн орсон бороо хадлан тэжээл бэлтгэхэд багагүй саад учруулжээ. 10-р сараас эхлэн 20 гаруй удаа цас орсноор сумын нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй, цагаан зуд нүүрлээд байна. Цас нягтаршиж хатуурснаар Баян-Уул сумын нийт нутгийн 90 хувьд өвөлжилт хүндэрч, ихэнх малын хөл халцарсан, 400-гаад толгой мал хорогдоод байна гэж тус сумын Засаг дарга Х.Баттулга танилцуулав.
Нутгийн малчид 4025 тн өвс, 5 тн тэжээл бэлтгэсэн ч одоогоор хувьдаа зарцуулах өвс тэжээлийнхээ 60 гаруй хувийг хэрэглээд дууссанаас гадна 46 малчин өрх өвс тэжээлгүй болоод байна.
Шадар сайд өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаад сум, аймаг орон нутгийн удирдлагуудыг малчдаараа байнга явж, сэтгэлийн дэмжлэг үзүүлж, малаас гадна малчдынхаа эрүүл мэндэд анхаарч, Засгийн газрын зүгээс үзүүлж байгаа тусламжийг шаардлагатай газарт нь хүргэж, дундаас нь ашиг хонжоо олох гэсэн оролдлого гарч болзошгүйг хатуу анхаарч ажиллахыг даалгав.
Засгийн газраас Дорнодын 11 суманд 220 тонн өвс, 110 тонн хивэгний үнийг 50 хувь бууруулан өгч байгаа бөгөөд Шадар сайд Баян-Уул суманд ажиллах үеэрээ 20 тонн өвс, 10 тонн тэжээлийг нь хүлээлгэн өглөө.
Шадар сайдаар ахлуулсан шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ХНХЯ-ны ХХҮЕГ-ын дэд дарга Т.Бадрахбаяр нарын албаны хүмүүс дагалдан явж байна.
Шадар сайд маргааш Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн суманд, нөгөөдөр аймгийн төв болон Баянтүмэн суманд ажиллаад Сүхбаатар аймаг руу хөдөлнө.
Д.Дэлгэрмаа