БСШУС-ын сайд Ж.Батсуурь Сэлэнгэ, Орхон аймагт ажиллав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛБСШУС-ын сайд Ж.Батсуурь энэ сарын 21-23-нд Орхон, Сэлэнгэ аймагт ажиллан, салбарынхаа ажилтан алба хаагчид, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд 560 хүүхдийн хичээлийн байр баригджээ
Мандал сумын хэмжээнд ерөнхий боловсролын долоон сургуульд 4600 гаруй сурагч, 376 багш ажилчин, найман цэцэрлэгт 2000 орчим хүүхэд 204 багш ажилчин, политехник коллежийн 412 оюутан суралцаж, ажиллаж байна. Мөн мэргэжлийн урлагийн байгууллага, соёлын төв, нийтийн номын сан, спорт сургалтын цогцолбор зэрэг салбарт нийт 706 ажилтан албан хаагч ажилладаг. Салбарын сайд эдгээр ажилтан албан хаагчтай уулзаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулан, тэдний санаа бодлыг сонсов.
Мандал сумын I сургуулийн барилгыг 1951 онд барьж ашиглалтад оруулснаас хойш жил бүр урсгал засвар хийж ирсэн учир их засвар шаардлагатай. Мөн сурагчдын үдийн цай уух заал шаардлагатай байгааг сургуулийн захирал нь онцлов. Чуулгын байранд галерей, номын санд фонд шаардлагатай, спорт цогцолборт ажиллах боловсон хүчин дутмаг, бүтээн байгуулалт засварын ажлыг хийхэд төсөв мөнгө шаардлагатай байгаа аж. Үүнээс гадна 560 хүүхдийн хичээлийн байр, 100 хүүхдийн дотуур байрны барилгын ажил дууссан ч төсвийн асуудал шийдэгдээгүй байгаа учир хүүхдүүд хүлээн авч үйл ажиллагаа эхлээгүй байна.
Орхон аймагт сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн гэв
Энэ хичээлийн жилд тус аймагт ЕБС-ийн төрийн өмчийн 15, төрийн бус өмчийн долоо нийт 22 сургуульд 18000 гаруй хүүхэд суралцаж байна. Эрдэнэт хотын тухайд сургууль цэцэрлэгийн анги дүүргэлт хэвийн үйл ажиллагаатай. Дэнж багт байрлах 20 дугаар цэцэрлэгт хамран сургах тойргийнхоо хүүхдийг хүлээн аваад цаана нь 20 гаруй өөр багийн хүүхдийг хүлээж авах боломж байгааг тус цэцэрлэгийн эрхлэгч нь онцолж байлаа.
Тус аймагт барилгын ажил нь дуусаагүй урлаг спортын цогцолбор, хичээлийн байр зэргийг энэ онд яаралтай ашиглалтад оруулах ажлыг хийнэ гэдгийг салбарын сайд томилолтын ажлын явцад онцлов.
Багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагч нартай уулзах үеэр ЕБС-ийн хичээлийн программ, хувийн болон төрийн өмчийн сургуулиудын ялгаатай асуудлууд, соёлын салбарын ажилтнуудын цалин хангамж, нийгмийн асуудал зэргийг сайжруулах шаардлагатайг хэлж байлаа. Харин салбарын сайд эдгээр асуудлыг нэн тэргүүнд анхаарч шийдвэрлэх зөв арга замыг хайж байгаагаа илэрхийллээ гэж БСШУСЯ-наас мэдээллээ.