Монгол сурагчид АНУ-ын шилдэг ахлах сургуульд суралцах боломж бүрдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-02-02 18:27:49

АНУ-ын Элчин сайдын яамнаас дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан солилцооны шинэ хөтөлбөр зарлалаа.

"FLEX" буюу Ирээдүйн манлайлагчид хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдад АНУ-д нэг хичээлийн жил суралцах боломжийг олгох Төрийн департаментын санхүүжилттэй боловсролын солилцооны хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн эхний жил буюу 2017 оны хавар 9-10 сурагч сонгон шалгаруулалтаар тодруулж, шалгарсан оролцогчид намар нь АНУ-ыг зорино. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын сүүлээр нийтэд мэдээлэх юм байна.

Өнгөрөгч нэгдүгээр сарын 27-нд тохиосон АНУ-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр Элчин сайд Женнифер Зимдал Галт хэлэхдээ, “Дэлхийн улс орнуудын шилдэг сурагчдыг нэг жилийн хугацаагаар АНУ-ын шилдэг сайн ахлах сургуульд суралцах боломж олгох хөтөлбөрт Монгол Улс энэ жилээс нэгдэж буйг зарлахдаа сэтгэл хангалуун байна. Бид 30 жилийн ойн баярынхаа үеэр Монгол Улсыг энэхүү хөтөлбөрт хамруулахаар боллоо” гэжээ.

Ж.Болор

Related news