Оюутны холбоо хууль зөрчсөн албан тушаалтныг огцруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛМонголын Оюутны Холбооны зүгээс өнөөдөр оюутны нийтийн тээврээр зорчих эрхийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Боловсролын тухай хууль болон Авто тээврийн тухай хуулиар сурагч, оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй болон үнэгүй зорчих журам одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл оюутнуудыг хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжгүй болгож, хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчин нийтийн тээврийн шинэчлэл нэрийн дор олон мянган оюутныг хохироож байна хэмээн тус холбооны удирдлагууд хэллээ.
МОХ-ны Олон нийттэй харилцах албаны дарга Э.Батжаргал хэлэхдээ, “Энэ жилийн хувьд 113 мянган оюутныг үнэгүй зорчуулах үйл ажиллагаа зохион байгуулсан. Дөрөвдүгээр сард 64 мянган оюутан смарт картаа захиалж, журамд заасан эрхийн үнэмлэхийг олгосон. Гэтэл нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл нэрийн дор өнөөдрийг хүртэл оюутнууд энэ үнэмлэхээрээ зорчиж чадахгүй байна. Гэтэл хуулиараа бол зорчих эрхтэй. Оюутнууд аль картаар зорчих нь тодорхойгүй байна” гэв.
Мөн тэд, “Бид улс орныхоо эдийн засгийн хүндрэлийг хамгийн их ойлгож үндэсний тэтгэлгээсээ сайн дураараа татгалзаж улсаа хөгжүүлэх үйл хэрэгт идэвх зүтгэлтэй оролцсоор ирсэн. Найрсаг Улаанбаатарын хүрээнд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж гадаадын зочиддоо оюутан бид л үйлчилсэн. Өнгө төрхөө сайжруулах бүхий л цэвэрлэгээнд оюутан бид л идэвхтэй оролцсон. Бид шинэ зүйлийг нэхээгүй, төсвийг нэмэгдүүлэх асуудал тавиагүй. Байгаа төсөвтөө багтааж олон хүнийг хэмнэлттэйгээр, хүнд суртлын дарамтгүйгээр зорчуулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байсан. Оюунлаг хэсгийн төлөөлөл болохынхоо хувьд хуулиа дээдэлж холбогдох шаардлага хүсэлтийг удаа дараа хүргүүлж, асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор олон сар ажилласан. Үр дүн гарсангүй. Иймээс “Хууль зөрчсөн албан тушаалтнууд”-ыг огцортол тэмцэл хийхээ мэдэгдэж байна” гэлээ.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр