Калифорнийн даланг засварлахад 200 сая доллар хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-02-15 14:55:32

НЬЮ-ЙОРК. /TASS/. Сэтэрч магадгүй болоод байгаа АНУ-ын Калифорни муж улсын нутаг дахь Оровилл нуурын далангийн ус зайлуулах үндсэн байгууламжийн засварт 100-гаас 200 сая доллар шаардагдахаар байна. Уг далан сэтрэх аюултай болсон тул 200 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. 

Дээрх үнэлгээг Калифорни муж улсын Усны нөөцийн удирдах газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Билл Кроил танилцуулжээ. Тэрбээр "бетон байгууламжийг засах төлөвлөгөөг манай ажилтнууд боловсруулж байна" гэлээ. Түүний хэлснээр, удаан хугацаанд явагдах уг засварын ажил хавар болж, уулын цас хайлсны дараа эхлэх ажээ.

Үүнээс өмнөхөн орон нутгийн засаг захиргааныхан АНУ-ын гидртехникийн хамгийн өндөр байгууламж болох Оровилл далангийн зэвэрч муудсан хэсгийг бэхжүүлэн хүчитгэж байгаа тухай мэдээлж байсан юм. Далан сэтрэх аюултай болсон тул бямба гарагт зэргэлдээ орших Саттер, Бьютт, Юба гэсэн гурван суурингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Одоогийн байдлаар, 188 мянган хүнийг далангаас 120 км-ийн зайтай газарт нүүлгэн шилжүүлээд байна. Харин мягмар гарагт тэднийг гэртээ буцаж очихыг зөвшөөрчээ.

Хур тунадас ихээр орсны улмаас Оровилл нуурын усны түвшин ихээхэн дээшилснээр 2 дугаар сарын 11-нд нөөцлүүр савны багтаамж дээд хязгаартаа тулжээ. Улмаар ус зайлуулах нөөц сувгийг анх удаагаа ажиллуулахаас аргагүйд хүрсэн нь хөрсийг ихээхэн эвдрэлд оруулсан байна.

Оровилл нуур бол Калифорни муж улсын оршин суугч 39 сая хүн амын тал хувийг ундны усаар хангадаг ба нуурын усыг тариалангийн талбайг услахад ашигладаг байна.

О.Барс

 

Related news