"Сайн хүн" болж төлөвших аян 57 дугаар цэцэрлэгээс эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-02-22 18:07:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Боловсролын газар, Нийгмийн хөгжлийн хороо хамтран 2020 он хүртэл 4 үе шаттай хэрэгжих “Сайн хүн” хүмүүжлийн аяныг БГД-ийн 57 дугаар цэцэрлэгээс эхлүүллээ.

Тус аян нь төрийн өмчийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвүүд нэгдэж, хүүхэд хүмүүжлийн бодлого, хөтөлбөр, арга зүй, тэргүүн туршлагаа солилцох, Багш-суралцагч-эцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой. Мөн хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэх, багш сурган хүмүүжүүлэгчдийн ёс зүйгээр үлгэрлэн хүмүүжүүлэх нөлөөлөл, хариуцлагыг дээшлүүлэх, хүмүүжлийн сөрөг үзүүлэлтийг бууруулах, арилгах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хүмүүжлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж, Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор явуулж байгаа юм.

Хүмүүжлийн аяныг санаачлагч НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ, “Орчин үеийн гэр бүлийн амьдрал өөрчлөгдөж, эцэг эхийн  хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг роль суларч байгаагаас хүүхэд орчноосоо хүмүүжлийн харилцааг шууд тусган авч байна. Тухайн орчин нь мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнц болсон. Мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг, хүчирхийлэл, садар самуун сурталчилсан мэдээ, нэвтрүүлэг, кино, сошиал ертөнцөд нэг нэгнээ гүтгэсэн, доромжилсон, авлига, хээл хахууль зэрэг сөрөг мэдээллээр дүүрэн байна.

Бидний өмнөх үеийн эцэг эхчүүд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаар, хүүхдийн хүмүүжлийг хөдөлмөртэй нягт холбон, ардын сурган хүмүүжүүлэх уламжлалаар хүмүүжүүлдэг байсан. Гэтэл орчин үед ихэнх эцэг эхчүүд хүүхдээ сургууль, цэцэрлэгт, багшид даатгаж байгаагаас хүүхдийн хүмүүжлийн асуудал орхигдож байна. Иймээс хүүхдийн хүмүүжилд сургууль, боловсролын байгууллага, эцэг эх, төр хувийн хэвшлийн бүх байгууллага хамтран ажилласнаар богино хугацаанд эерэг үр дүнд хүрэх боломжтой юм. Хүүхдийн хүмүүжлийн асуудал зөвхөн боловсролын байгууллагууд, багш, эцэг эхчүүдийн төдийгүй Монгол төрийн гол бодлого байх учиртай” гэв.

Тэрбээр нийслэлийн 216 цэцэрлэгийн анги бүрийг тохижуулан, хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, номоор хангаж, эцэг эхчүүдэд лекц унших зэрэг ажил хийсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Related news