“Хөсөгтөн” хамтлагийн аялан тоглолт НҮБ-ын тайзнаас эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Хөсөгтөн" хамтлагийнхан Монгол кино, контентын албан ёсны www.miye.mn вэбсайттай хамтран олон улсад аялан тоглолтоо хийхээр болсон байна.
Монголын язгуур урлагийн гайхамшгийг дэлхийн дахинд таниулж яваа тус хамтлагийн уран бүтээлчдийг гадаадынхан сайн мэддэг болсон билээ. Тэд Монгол үндэсний өв уламжлал, түүх соёлоо дэлхийд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хөсөгтөн баг дэлхийн тайзнаа-2017” аялан тоглолтыг гуравдугаар сарын 03-нд буюу шинийн тавнаас Нью-Йорк хотод байрлах НҮБ-ын танхимаас эхлэн толилуулах юм.
"Хөсөгтөн" хамтлаг АНУ, Канад улсын 10 хотод тоглолт хийнэ. Тэд анх удаа гадаадын хамтран ажиллаж багагүй хугацаанд бэлдэж, төлөвлөсний үндсэн дээр нэр хүнд бүхий томоохон театруудад тоглолтоо хийх болсноороо онцлогтой юм.
Д.Өлзий