Д.Сүхбаатарын талбайн номын өдөрлөгөөр 150 гаруй ховор ном цуглуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран "Номоо солилцъё" өдөрлөгийг гурав дахь удаагаа Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Хувь хүмүүст хадгалагдаж буй ховор номыг орчин цагийн шинэ зохиол, бүтээлээр сольж, Улаанбаатар хотын Төв номын сангийн архивыг баяжуулах зорилготой энэхүү өдөрлөгийг сар бүрийн эхний долоо хоногийн бямба гарагт зохион байгуулдаг уламжлалтай. Өдөрлөгт тус номын сангийн харъяа дөрвөн номын сангаас үлгэр, уран зохиолын, түүхэн болон бусад мэргэжлийн 400 гаруй ном авч ирсэнийг Ном бүрдүүлэх тусгай үйлчилгээний тасгийн эрхлэгч З.Төгсжаргал хэллээ.
Тэрбээр, “Хувь хүмүүс хуучны номоо уншиж дуусаад өөртөө дэмий хадгалдаг. Тиймээс тэрхүү оюуны үнэт өвийг олон нийтэд хүргэх зорилгоор өөр номоор сольж байгаа юм. Эхний хоёр өдөрлөгийн үеэр нийт 150 гаруй ховор нандин ном авсан. Дараагийн саруудад болох өдөрлөгөөр илүү олон ном цуглуулах боломж бүрдэнэ гэдэгт итгэж байна. Бид бүхэн номын фондоо өргөжүүлэх бүхий л ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, 2005 онд байгуулсан сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан баррель үсгийн болон сонсдог номын тасаг маань одоо 1200 гаруй номтой болсон. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд судалгаа явуулж, тэдний хүсэл сонирхолд тулгуурлан жилд 30 орчим номыг баррель үсгийн болон сонсдог ном болгодог” гэв.
2000 он орчимд иргэдийн ном унших сонирхол огцом буурсан бол одооноос эргээд сэргэж байгаа гэдгийг мөн хэллээ. Номын өдөрлөгийг энэ оны нэгдүгээр сард анх зохион байгуулахад өндөр настнууд их оролцдог байсан бол одоо хүүхэд, залуучууд ихээр ирж буйг онцолсон.
Иргэдийн зүгээс хуучин номоо шинээр солих, ном шимтэн унших боломжийг бүрдүүлж буй "Номоо солилцъё" өдөрлөгийг зохион байгуулагчдад талархал илэрхийлж байлаа.
Тухайлбал өндөр настан Т.Минжүүр, “Надад 300 орчим номын цуглуулга бий. Үүнээс таван номоо солилцохоор авч ирлээ. Социалист нийгмийн үед амралтын өдрүүдийг Номын сангийн өдөр хэмээн зарладаг байлаа. Энэ өдрүүдэд номын сангууд иргэдэд нээлттэй, шуурхай үйлчилдэг байсан үе саяхан. Ийм үйл ажиллагаа зогссоноос хойш иргэдийн ном унших сонирхол буурч, радио, телевизээс мэдээлэл авах болсон. Гэхдээ радио, телевизээс мэдээллээ гүйцэд авч чаддаггүй. Харин номыг хадгалж байгаад дахин уншиж, шинэ мэдээлэл, мэдлэг олж авах боломжтой байдаг. Тиймээс эх орны ирээдүй болсон хүүхэд залуусыг ном шимтэн уншиж байхыг уриалж байна” гэлээ.
Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Э.Мөнх-Эрдэнэ, “Би ШУТИС-д уул уурхайн чиглэлээр сурдаг. Өөрийн мэргэжлийн номоос гадна түүхийн ном сонирхож, судалж байгаа. Өнөөдрийн өдөрлөгөөс ч мөн дээрх чиглэлийн ном түлхүү сонирхож байна. Өнгөрсөн сард болсон өдөрлөгийн үеэр хоёр ном сольж авснаа уншиж дууссан. Энэ өдөрлөг залуус биднийг соён гэгээрүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлдэг гэж баярладаг. Тиймээс өөрийн үеийн залуус болон дүү нараа гэртээ олон нийтийн сүлжээ буюу Фэйсбүүк харж суух бус, энэхүү өдөрлөгт оролцож, оюуны хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна” хэмээв.
Ч.Ариунболд