Дэлхийн хамгийн өндөр хурдтай Wifi хаана байдаг вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2017-03-06 15:53:08

ЛОНДОН./Futurism/. Бүх зүйл хурдаар хэмжигдэж, гар утаснаас хамааралтай болсон өнөө цаг үед интернетийн хурд удаан байх нь сэтгэл хамгийн ихээр гонсойлгодог. Нью-Йоркийн метронд эсвэл Италийн дарсны агуулах гээд хаана ч байлаа гэсэн Wi-Fi-гүй бол бид "инстаграм"-даа ч шинэ зураг оруулж чадахгүй.

Их Британийн “Open Signal” судалгааны байгууллага утасгүй сүлжээ сайтай газруудыг олоход та бидэнд тусалж байна. Тус компани 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд хамгийн өндөр хурдтай утасгүй интернет сүлжээтэй орнуудыг олж тогтоохоор судалгаа хийжээ. Жагсаалтыг тэргүүлсэн улс орнуудад интернетийн дундаж хурд секундэд 30 орчим мб байна.

Хамгийн өндөр хурдтай утасгүй интернет БНСУ (секундэд 37,5 мб), Норвеги (секундэд 34,8 мб), Унгар (секундэд 31 мб) болон Сингапурт (секундэд 30 мб) байдаг аж. 87 улсыг багтаасан энэхүү жагсаалтын 36 дугаарт АНУ /секундэд12,5 мб/ бичигдсэн байна. Тус улс Македони (секундэд 13 мб), Румын (секундэд 13,2 мб)  болон Словенийн (секундэд 14,5 мб) ард оржээ.

Жишээлэхэд, АНУ-ын LTE буюу 4G сүлжээний хурд секундэд 17,4 мб буюу дэлхийн дунджаас доогуур байсан байна. “Open Signal” компани судалгаанд ихэнх ухаалаг төхөөрөмжийг голдуу Wi-Fi-д холбож ашигладгийг тогтоожээ.

Хэрэв та ойр ойрхон аялдаг бөгөөд гадаадад байхдаа хамгийн өндөр хурдны утасгүй сүлжээ ашиглахыг хүсч байвал тухайн орон нутгийн хамгийн сайн холбогдож буй сүлжээнд холбож өгдөг “Google”-ийн “Project Fi” виртуаль сүлжээний оператор танд тус болно. 

Хэдийгээр АНУ энэ жагсаалтад хойгуур бичигдсэн боловч “Verizon” болон “AT&T” компаниудын хооронд утасгүй сүлжээний салбарт өрсөлдөөн үргэлжилсээр байна. Эдгээр компаниуд энэ сард утасгүй сүлжээний хязгааргүй хэрэглээг бий болгохоо зарласан аж. 

Б.Мишээл

 

 

Related news