Хэвлэл мэдээллийн салбар мэргэшсэн сэтгүүлчдээр бүл нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛШударга ёс, ардчиллын төлөө дуу хоолойгоо өргөх хүсэлтэй хуульч, хүний их эмч, эдийн засагч, олон улсын харилцааны мэргэжилтэн, улс төр судлаач, биологич зэрэг төрөл бүрийн мэргэжил, эрдмийн зэрэг дэв бүхий Монголын залуу үеийн шилдэг 25 төлөөлөгч Хэвлэлийн Хүрээлэн болон ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн хамтарсан Сэтгүүлзүйн тэтгэлэгт хөтөлбөрт хамарч сэтгүүлч болох зам шулуудав.
Зургаан сар үргэлжлэх энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр Хэвлэлийн Хүрээлэнд боллоо. Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 104 жилийн ойг угтаж Хэвлэлийн Хүрээлэнгээс ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сантай хамтран Сэтгүүлзүйн тэтгэлэгт хөтөлбөр зарласан юм.
Нээлтийн үеэр Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч доктор Даниэл Шмюкинг хэлэхдээ, “Хэвлэл мэдээлэл бол ардчиллын маш чухал тулгуур багана мөн. Тийм ч учраас бид Монголын хэвлэл мэдээллийн салбарыг шилдэг боловсон хүчнээр бэхжүүлэх замаар ардчиллыг дэмжиж буйдаа баяртай байна” хэмээн онцлов.
"Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлзүйн зургаан сарын хөтөлбөрийг өнгөрсөн 21 жилийн хугацаанд жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ удаа ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сантай хамтран тэтгэлэгт хэлбэрээр хэрэгжүүлж байгаагаас гадна хөтөлбөрийг орчин цагийн хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, манлайллын хичээл, хэвлэл мэдээллийн тулгамдсан асуудлыг хөндөх уулзалт, мэтгэлцээнээр баяжуулснаар онцлогтой. Үүнийг ашиглаж хэвлэл мэдээллийн салбарт бодитой хувь нэмэр оруулан ажиллах хүсэл зорилгоо биелүүлээрэй" хэмээн тэтгэлэлт хамарч буй залууст Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах хүссэн юм.
Шинэ элсэгч Б.Баярбямба, “Үндэсний сэтгүүлзүйн 104 жилийн ойн тэмдэглэлт өдөр тэтгэлэгт хөтөлбөрийн нээлт эхэлж байгаад баяртай байна. Шинээр бүрдсэн энэ ангийнхан бүгд салбар салбартаа амжилттай ажиллаж буй залуус нэгдлээ. Тиймээс шинэ сэтгүүлчдээр цус сэлбэсэн баг хамт олон зургаан сарын дараа бэлтгэгдэн гарна. Миний хувьд хүний их эмч мэргэжилтэй. Эрүүл мэндийн боловсролыг нийтэд олгох чиглэлээр түлхүү бичих зорилго өвөртөлж энэ хөтөлбөрт хамарч байна. Зургаан сарын хугацаанд ардчиллыг хөгжүүлэх, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд гар бие, сэтгэл зүрхээ дайчлан ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Тус хөтөлбөрийн хүрээнд оюутнууд сэтгүүлзүйн суурь зарчим, мэргэжлийн ур чадвар, арга барилд суралцахаас гадна хэвлэл мэдээллийн орчин үеийн чиг хандлагын талаар мэдлэгтэй болж, Монголын сэтгүүлзүйн тулгамдсан асуудлуудын талаар салбарынхантай мэтгэлцэх юм.
Мөн манлайллын ур чадвараа хөгжүүлж, нийгмийн тогтолцооны тухай ойлголтоо гүнзгийрүүлэхээс гадна цахим мэдээллийн хэрэгсэл, мультимедиа арга хэрэгслийг ашиглах мэдлэг, чадвартай болно. Түүнчлэн хөтөлбөр хэрэгжих хугацаанд ХБНГУ-ын сэтгүүлч, мэргэжилтнүүд Монголд айлчилж, нэмэлт сургалт, уулзалт зохион байгуулах аж.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр