Монголын сүсэгтэн олонд зориулан “Цагаан Дарь-Эх”-номыг үнэ төлбөргүй хурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Шинийн 14 буюу Өндөр гэгээн Занабазарын нирваан дүр үзүүлсэн дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо. Эл өдөр Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар Монголын сүсэгтэн олонд зориулан үнэ төлбөргүй ном айлдах гэж буй талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Өндөр гэгээн Занабазар нь Бээжингийн Шарсүмд 1724 оны хаврын эхэн сарын шинийн 14-нд нирваан дүрийг үзүүлжээ. Тэр цагаас хойш эл өдрийг түүний таалал барьсан дүйчин өдөр хэмээн тогтоож, цагаан сарын их ерөөлөөс тусгайлан үе үеийн дээдэс богдуудын ерөөл хурдаг уламжлал тогтжээ. Үүнийг “Давхар ерөөл” хэмээн нэрлэдэг байна.
Хурлын үеэр тус хийдийн хансүр, СГЗ, гавж Ё.Амгалан ламтан хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, нас уртасгах, өвчин зовлонгоос ангижруулах үүднээс “Цагаан Дарь-Эх”-ийн насны авшиг хайрлах юм.
Гандантэгчинлэн хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд хэлэхдээ, “Энэ өдөр сүсэгтэн олон нийтээр буяны үйлсэд оролцож, жилийн заслаа хамтатган хийлгэх сайхан үйл явдал болно. Буян номын үйл ажиллагаа нь сүсэгтэн олонд зориулсан учир үнэ төлбөргүй. Иргэд харьяа дүүргийнхээ хорооны нийгмийн ажилтан, Гандантэгчинлэн нийтийн Олон нийттэй харилцах албанаас урилга тасалбар авах боломжтой. Энэхүү ажиллагаанд сүсэгтэн олон хүрэлцэн ирж, буяныг хурааж, хувь хүн, улс орныхоо төлөө залбирал даатгал үйлдээрэй гэж сонордуулж байна” гэв.
Мөн энэ үеэр хийдийн лам хуврагууд айлчлан золгож буй тахиа жилдээ хотол олноороо биес амгалан, сэтгэл түвшин байхын тухайтад жилийн засал ном хурж, буян хишгийн даллага авах тул сүсэгтэн олныг даллаганы уут, тавгийн идээтэй хүрэлцэн ирэхийг санууллаа.
Энэхүү дээдийн номын айлдвар нь энэ сарын 11-ний 10.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Сүсэгтэн олонд тухайн өдрийн өглөөний 09.00 цагт Таван шарын автобусны буудлаас тусгай автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх аж.
Ж.Болор