Дундаж орлоготой иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй байхыг шаардана

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-07 15:22:52

МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн IX хурлыг өчигдөр яаралтай хуралдаж, УИХ, Засгийн газарт хэд хэдэн шаардлага хүргүүлэх болжээ.

Тухайлбал, Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн зөвлөмжийн дагуу 2017 оны улсын төсөвт тодотгол хийхдээ дундаж болон дунджаас доош орлоготой иргэдийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхыг шаарджээ. Мөн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг оновчтой болгохын тулд төрийн захиргааны бүх шатны байгууллагын болон төсөвт байгууллагуудын зайлшгүй бус удирдлагын орон тоо, зардлыг хянах, ажлын байрыг олноор бий болгох, хамгаалахад чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг нэмж, оновчтой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг шаардсан байна.

Түүнчлэн шаардлагад ОУВС-гийн “Өргөтгөсөн эдийн засгийн хөтөлбөр” хэрэгжүүлэх үед гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль хэрэгжүүлэх үүрэг хариуцлагад тавих хяналтыг эрс чангатгах асуудлыг тусгасан байна.

Мөн дээр дурдагдсан шаардлагын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийг энэ сарын 10-ны дотор хийх санал гаргажээ.

Ч.Ариунболд

Related news