Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулган энэ сарын 24-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-09 15:16:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны чуулганыг дөрвөн жил тутамд зуны олимпийн наадам зохион байгуулагдсаны дараа жилийн эхний улиралд багтаан хуралдуулах дүрмийнхээ дагуу энэ  сарын 24-нд ээлжит чуулганаа хуралдуулахаар товлоод байна.

Дашрамд сонирхуулахад, Монголын үндэсний олимпийн хороо нь 1956 оны 2 дугаар сарын 26-нд байгуулагдсан бөгөөд түүхт 60 жилийн ойгоо 2016 онд амжилт дүүрэн он жилүүдээ дурсан мөнхжүүлж, өргөн хүрээнд тэмдэглэсэн юм. 1962 оны 6 дугаар сарын 5-нд Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны гишүүнээр элссэн. МҮОХ нь Азийн олимпийн зөвлөл /ОCA/, Үндэсний олимпийн хорооны холбоо /ANOC/, Зүүн Азийн наадмын холбоо /EAGA/, Ази номхон далайн орнуудын чуулган /APOSA/-ы бүрэн эрхт гишүүн байгууллага юм. МҮОХ нь 1964 оноос эхлэн өвлийн 14, зуны 13 удаагийн олимпийн наадамд баг тамирчдаа бэлтгэж амжилттай оролцуулаад байна. Үүнээс гадна Монголын баг тамирчид 1972 оноос хойш өвөл, зуны Азийн наадамд тогтмол оролцож байгаа юм. МҮОХ нийт 92 гишүүнтэй бөгөөд түүнээс сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл 11 хүнээс бүрддэг . МҮОХ-нд 66 спортын холбоод харьяалагддаг.  Жил бүрийн 6 дугаар сарын 23-нд ОУОХ-той хамтран "Олимпийн өдөр"-ийг орон даяра тэмдэглэдэг уламжлалтай.

Д.Өлзий

Related news