Гэрэл зурагчид нүүдэлчдийн нэг өдрийг "дурандав"
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо /МГЗНХ/-ноос "Нүүдэл"/NOMAD event/ төслөөр дамжуулан эрт үеэс уламжлан ирсэн өв соёлоо сэргээн таниулах, сурталчлах, орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор энэ сарын 06-нд Төв аймгийн Угтаалцайдам, Цээл сумын нутагт “Нүүдэл-2017” хаврын анхны гэрэл зургийн өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгт СГЗ, гэрэл зургийн сурвалжлагч С.Цацралт тэргүүтэй 70 орчим уран бүтээлч оролцов. Мөн нийслэлээс гадна Сэлэнгэ, Төв, Дархан, Говьсүмбэр, Эрдэнэтийн гэрэл зурагчид оролцсоноороо онцлогтой. БНХАУ-ын ӨМӨЗО-ноос Шилийн гол аймгийн гэрэл зурагчин С.Найрамдал тэргүүтэй таван зурагчин нүүдлийн соёлын арга хэмжээг зорин ирсэн юм.
Гэрэл зурагчид Цээл сумын нутаг Их Хангинахын өвөрт хаваржиж байгаа малчин Н.Саруулынд зочилж, нүүдлийн ахуй соёл, нүүдэлчдийн амьдралын нэг өдөр, МҮОНТ-ийн “Адуучин” нэвтрүүлэгт оролцогчдын зургийг дуран авайдаа буулгасан юм.
Зэргэлдээ хоёр сумын 20 адуучин Цээлийн хөндийн Талын хайрханы зүүн энгэрт адуучны авхаалж самбаа, эрийн зориг золбоо гарган өрсөлдсөнөөс Цээл сумын адуучин Н.Намсрай шилдгээр шалгарч, ивээн тэтгэгчийн шагнал “Акума” аккумлятор, гэрэл зурагчдын шилдэг бүтээлийн дээжээр шагнуулав.
Өдөрлөгийг МҮОНТ, “UBS” телевиз, “Өнөөдөр”, “Ардчилал” сонин, өдөр тутмын мэдээллийн сайтууд дэмжин оролцсон юм.
Тус холбооноос гэрэл зургийн урлагаар Монголын нүүдлийн уламжлалт соёлыг олонд түгээж, түүгээр дамжуулан орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх ажлыг уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ж.Болор