Шинжлэх ухааны салбарын бүрэн судалгаа боловсруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн орчны шинжилгээ” судалгааны үр дүнг тайлан болгон өнөөдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурьт хүлээлгэн өглөө.
Тус судалгааг БСШУС-ын сайдын даалгавраар ШУА-ийн Философийн хүрээлэнг түшиглэсэн судалгааны баг 2016 оны 12 дугаар сарын 14-нөөс өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны хооронд хийж гүйцэтгэсэн байна.
Судалгааны багт тус хүрээлэнгийн хууль эрх зүй, улс төр, социологийн мэргэжлийн судлаачид, УИХ-ын судалгааны албаны судлаач, БСШУСЯ-ны ШУТБГ-ын мэргэжилтэн, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хуулийн мэргэжилтэн зэрэг шинжлэх ухааны салбарын удирдлага, бүтцийн янз бүрийн түвшинд ажиллаж буй судлаач, эрдэмтэн, бодлогын мэргэжилтэн нар ажиллажээ.
Энэхүү судалгаа нь шинжлэх ухааны салбарын бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, энэ салбарын бодлогын хэрэгжилтийг шинжлэх ухааны үндэстэй удирдан зохион байгуулахад чухал ач холбогдолтой мэдээлэл болсон гэдгийг судалгааны багийнхан хэлж байна.
Судалгааны төслийн багийг академич Г.Чулуунбаатар, доктор Д.Батмөнх нар удирдаж, академич С.Нарангэрэл судалгааны багийн зөвлөхөөр ажиллажээ.
Судалгааг шинжлэх ухааны салбарын хууль тогтоомжид хийсэн дүн шинжилгээ, салбарын хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, санхүүжилтийн талаарх экспертүүдийн үнэлгээ, санал, дүгнэлт гэсэн үндсэн чиглэлээр хийсэн байна.
Ж.Болор