Зэгсний түймэр гарч 30 гаруй га бэлчээр шатжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хар-Ус нуурын Байгалийн Цогцолборт Газрын хязгаарлалтын бүс нутаг Мянгад сумын Цагаан булан багийн нутаг "Хонгорж" хэмээх газарт энэ оны 03-р сарын 08-ны өдөр орон нутгийн цагаар 15:30 минутанд Зэгсний түймэр гарчээ.
Түймэр гарсан тухай мэдээллийг тухайн газар нутгийг хариуцан хамгаалдаг байгаль хамгаалагч 17:20 минутанд хамгаалалтын захиргаандаа өгч мэдээллийн дагуу хамгаалалтын захиргааны дарга С.Батмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг шуурхай арга хэмжээ авч аймгийн Онцгой байдлын газар, Мянгад сумын ЗДТГ-тай хамтран газар дээр нь очиж ажилласан байна.
Түймэр унтраах ажилд орон нутаг хариуцсан байгаль хамгаалагч нар, нутгийн 30 гаруй иргэдийг дайчлан 40 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж зэгсний түймрийг газар авахуулалгүйгээр тогтоож, мөн өдрийн 22:10 минутанд цурманд оруулан бүрэн унтраажээ. Түймрийн улмаас зэгс, хулс бүхий 30 гаруй га бэлчээр бүрэн шатсан байна.
А.Бямбасүрэн