Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Хөл бөмбөгийн холбооны тэргүүнээр сонгогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-17 10:05:42

Ховд/МОНЦАМЭ/.Ховд аймгийн Хөлбөмбөгийн холбооны 2017 оны Ээлжит хурал энэ сарын 10-ны өдөр болж өнгөрсөн оны тайлан, бүтэц, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэн холбооны Тэргүүнээр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиг сонголоо. Мөн Удирдах зөвлөлийн гишүүд буюу тэргүүлэгчдээр 17 хүн сонгогдон ажиллахаар боллоо.  

Ховд аймгийн Хөлбөмбөгийн холбоо 2012 оны 2 сард Х.Батболд, Ж.Батжаргал, Э.Эрдэнэбаатар, Э.Тамир, Э.Цогбадрал нарын үүсгэл санаачлагаар байгуулагдаж 6 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Ховд аймагт  хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, сурталчлан дэлгэрүүлэх үндсэн зорилгын дор аймаг, бүсийн хэмжээнд хөлбөмбөгийн төрөл бүрийн тэмцээн зохион байгуулж явуулах, аймгийн нас, насны шигшээ багуудыг бүрдүүлэн бэлтгэл сургуулилтыг нь ханган улс, бүсийн тэмцээн уралдаануудад тамирчид амжилттай  оролцож ирсэн байдаг.

Аймгийн хөл бөмбөгийн холбоо цаашид хүүхэд залуусын дунд секц дугуйлан хичээллүүлэх, материаллаг бааз бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, орон нутагт хөлбөмбөгийн клуб байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа эрхэлж, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилт дэвшүүллээ.

Шинэчлэн байгуулагдсан баг бүрэлдэхүүний хийж эхлэх хамгийн том ажил нь "Ховд лиг-2017" тэмцээн юм.  Тус тэмцээн нь 3 сарын 25-наас 10 сар хүртэл лигийн системээр явагдах бөгөөд нийт 8 баг драфтаар тоглогчдоо сонгон 2 тойргоор өрсөлдөн дүнгээ гаргах юм байна.

Тамирчид “Ховд лиг-2017” тэмцээнд одооноос бэлтгэл зохион байгуулалттай оролцохоор төлөвлөж байна. 

А.Бямбасүрэн

                          
Related news