“Хоггүй Ховд” хаврын эхний ажил өрнөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-17 10:28:49

ХОВД/МОНЦАМАЭ/ Ховд аймгийн Засаг даргын захирамжаар “Хоггүй Ховд” бүх нийтийн цэвэрлэгээг байгаль орчны салбарын 7 байгууллага хамтран аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Үүнд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хар-ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Хар нуур,Ховд голын сав газрын захиргаа, Цаг уур орчны шинжилгээний газар, Сум дундын ойн анги, Эрч хүч ОНӨААТҮГ хамаардаг юм.

Хоггүй Ховд аянд  нийт 96 аж ахуйн нэгж байгууллагын 680 гаруй  ажилтан албан хаагчид Политехник коллежийн 750 гаруй оюутан, Ерөнхий боловсролын 7 сургуулийн 320 гаруй сурагч, тус сумын 12 багийн 1100 орчим  иргэн оролцож   69 шоо метр талбайгаас 23 машин хог хаягдал ачиж зайлууллаа. Хог хаягдлыг ачиж зайлуулах ажлыг “Эрч – Хүч” ОНӨААТҮГ хариуцаж 4 автомашин, 1 трактор гаргаж ажилласан байна. Цэвэрлэгээнд төрийн байгууллагууд идэвхитэй оролцсон ба зарим нэг албан байгууллага аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа үл ухамсарлаж бүх нийтийн цэвэрлэгээний ажилд оролцоогүй байна. Бүх нийтийн энэ ажилд оролцоогүй байгууллагуудад Жаргалант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч цэвэрлэгээг дахин хийх тухай хугацаатай албан шаардлага хүргүүлжээ.

А.Бямбасүрэн

Related news