Манай хоккейчид АНЭУ-тай аваргын төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2017-03-22 16:31:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Taйландын Бангкок хотноо болж байгаа шайбтай хоккейн “Челленж кап” олон улсын тэмцээнд манай баг тамирчид гурав дахь хожлоо авч, мөнгөн медалийн болзол хангажээ.

Эхний тоглолтоо энэ сарын 17-нд Сингапурын багтай хийж 13:0 гэсэн оноогоор илэрхий ялсан бөгөөд хоёр дахь тоглолтоо /2017.03.21/ Тайландын багтай хийж гурван үеийн турш эн тэнцүү өрсөлдөж 5:4-өөр хожсон. Ингэснээр эхний хоёр өрсөлдөгчөө  хожсон Монголын баг АНЭУ-ын дараа хоёрдугаарт бичигдсэн бол тэргүүлэгч баг Малайзыг 10:3, Сингапурыг 10:0-ээр тус тус хожиж манай багийн өмнө бичигдсэн. Харин манай баг тамирчид гурав дахь тоглолтоо Малайзын багтай хийж, 10:5 гэсэн оноогоор хожсон амжилтаар хоккейчид мөнгөн медалийн болзол хангажээ.

Маргааш буюу энэ сарын 23-нд АНЭУ-ын багтай аваргын төлөө тоглоно. Манай шигшээ баг АНЭУ-ын багийг хожвол  энэ тэмцээнд анх удаа тэргүүлнэ. Энэ тэмцээнд түрүүлсэн баг Ази тивийн АШТ оролцож, БНСУ, Япон зэрэг орны шилдэг багуудтай тоглох эрхтэй болно.

  Д.Өлзий

Related news