С.Гансэлэм: Тайшир-Алтай чиглэлд цэвэр усны 46 км шугам татна

МОНГОЛЫН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2017-03-24 17:19:01

Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэмээс цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.

-Ерөнхий сайд очсон аймагт бүртээ гол асуудлыг нь шийдвэрлэх гэж хичээж байна. Танай аймгийн хувьд ямар асуудал тулгамдаад байна вэ?

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Говь-Алтай аймагт ажиллалаа. Тус аймагт шийдвэрлэвэл зохих хэдэн асуудал байдгийг Ерөнхий сайд үзэж танилцаад холбогдох шийдвэр гаргав. Тухайлбал, ундны усанд хэрэглэх цэвэр ус байдаггүй. Тиймээс ундны усаа Тайшир суманд байдаг усны үйлдвэрээс зөөж ард иргэддээ түгээдэг. Өөрөөр хэлбэл 20 литрийн савтай усыг 500 төгрөгөөр борлуулдаг. Үүнийг шийдэхийн тулд Тайшир-Алтай чиглэлд цэвэр усны 46 км шугам татах хөрөнгийг Ерөнхий сайд шийдэж өгөв. Австрийн хөрөнгөөр энэ ажлыг эхлүүлэхээр боллоо.

-ТЭЗҮ нь хийгдсэн үү. Ямар төсөвт өртгөөр барих вэ?

-Өмнө нь хийсэн ТЭЗҮ бэлэн бий.  14 сая еврогоор уг шугамын ажлыг хийнэ гэж төлөвлөсөн.

-Ундны ус зөөвөрлөхөд жилд хэдэн төгрөг зарцуулж байна. Энэ хоолой ашиглалтад орсноор ямар хэмнэлт гарах вэ?

-Иргэдээ цэвэр усаар хангахын тулд жилд 160 орчим сая төгрөг зарцуулдаг. Энэ мөнгийг хэмнэх, нөгөөтэйгүүр хөдөлмөрчдийг эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангахын тулд уг шугамыг татах нь зөв гэж үзсэн.

-Танай ундны усыг мэргэжлийн байгууллагууд юу гэж тодорхойлсон байдаг вэ?

-Цоргоноос гарч байгаа усанд эрүүл ахуйн хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гардаг. Дотор эрхтэнд муугаар нөлөөлнө гэж үздэг.

-Баруун аймгууд үндсэндээ хар замаар холбогдсон. Гэтэл Баянхонгороос танай аймаг хүрэх замд 200 гаруй км зам нь хатуу хучилтгүй байна. Энэ замын асуудлыг хэзээ шийдэх бол?

-Говь-Алтай-Баянхонгорын хооронд 263 км замд хар зам тавиагүй. Энэ замыг 2017 онд багтаж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Зарим зам дээр компаниуд ажлаа эхэлсэн байгаа. Байдрагийн гүүрээс Дэлгэр хүртэлх 126 км замыг энэ ондоо ашиглалтад оруулахын тулд хэсэгчлээд компаниудыг оруулья гэсэн саналаа Ерөнхий сайдад уламжилсан.

-Орон нутгийн хөгжлийн санд хэдэн төгрөг төсөвлөгдөв. Сумдад хэрхэн хуваарилах гэж байна вэ?

-Орон нутгийн хөгжлийн санд 3,8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үүний 2 тэрбум нь аймгийн төвд, үлдсэнийг нь сумдад хуваарилж байна. Аймгийн ИТХ хуралдаад сум бүрт ижил тэнцүү буюу нэг суманд 50-60 төгрөг хуваарилахаар шийдвэрлэсэн.

-Сүүлийн хоёр өдөр танай аймагт цас багагүй орж. Хүндрэл дагуулав уу?

-Хаваржилт сайхан байна. Зундаа ногоо их ургасан. Намартаа налгар байсан. Өвөлдөө өнтэй орж, хавартай золгосон байна. Энэ сарын 22-23-ны өдрүүдэд аймгийн нийт нутгаар цас уналаа. Малчид ундны устай боллоо гээд сэтгэл тэнүүн байгаа. Учир нь мал төллөлт эхлэхээр худгийн ус руугаа малаа туухад нялх төлд хүнд байдаг. Цаснаар ямар нэг хүндрэл үүссэнгүй.

Б.Туул Говь-Алтай аймаг

 

Related news