“Азтай бадарчин” хошин урлагийн их наадмын шилдгүүд тодорно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/.Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг "Азтай бадарчин" Монголын хошин урлагийн их наадам ард түмэндээ эргэн ирлээ.
10 гаруй жилийн дараа дахин зохион байгуулж буй тус наадам энэ жил “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг шог зураг”-ийн төрөлд шилдгүүдээ олон нийтийн санал хураалтаар тодруулах юм. Түүнчлэн “Шилдэг үзүүлбэр”-ийн шалгаруулалт нь наадмын өдөр тайзнаа шууд болж, үзэгчдийн саналаар тодрох аж.
Монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулж буй энэхүү наадмын шилдгүүд ирэх сарын 03-нд СТӨ-ний тайзнаа тодорно.
http://urlag.mn/AztaiBadarchin/ тус линкээр зочилж шилдгийн шилдэгт нэр дэвшиж буй уран бүтээлчдийн нэрстэй танилцаж саналаа өгөх боломжтой.
“Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд тус бүр 14 уран бүтээлч нэр дэвшиж байна.
Ж.Болор