Хүүхдийн сонгодог бүтээлийн дээжийг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-03-30 19:03:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын Хүүхдийн номын баяр болон үлгэрийн их хаан
Ханс Кристиан Андерсений мэндэлсний 212 жилийн ойн баярыг Хүүхдийн төв номын сангийн хамт олон өнөөдөр 13 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ.

Үлгэрийн их хаан Ханс Кристиан Андерсений 212 жилийн ой ирэх сарын 2-нд тохионо. Олон улсад жил бүрийн энэ өдрийг “Олон улсын хүүхдийн номын баяр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэхүү номын баярт зориулан Тайванийн Тай Жун хотын “Үлгэр домог сонирхогчдын нийгэмлэг” болон “Тай Жун хотын хүүхдийн номын сан”-гийн ном сонирхогч сайн дурынхан  Хятадын хүүхдийн сонгодог бүтээлийн дээж 365 номыг Хүүхдийн төв номын санд гардууллаа.

Тайпэйн Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун, “Монголын Хүүхдийн төв номын сангийн хамт олон 2009 оны долдугаар сард Тайванийн төв номын сантай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаас хойш олон жилийн турш хамтран ажилласаар ирсэн. Монголын үүхдүүдэд хандивлаж буй эдгээр ном нь уншигч багачуудад зориулсан аж ахуй, соёл, шинжлэх ухаан зэрэг хүүхдийн ном багтсан” гэв.

Хүүхдийн төв номын сан нь нийт зургаан уншлагын танхимтай бөгөөд гурван хэлний танхимтай. Эдгээр гадаад хэлний танхимд дэлхийн таван хэл дээр бичигдсэн ном, зохиол байдаг аж.

Ж.Болор

 

Related news