“Соёлын өв-Бидний бахархал” хүүхдийн гар зургийн уралдааны шилдгүүд тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/.ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссоос Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 55 жилийн ойн хүрээнд ЕБС-иудын сурагчдын дунд зарласан “Соёлын өв-Бидний бахархал” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдаан дүнгээ гаргалаа.
Энэхүү уралдаанд 300 гаруй бүтээл ирүүлснээс шалгарсан шилдэг 50 бүтээлийг өнөөдөр Улаанбаатар арт галерейн үзэсгэлэнгийн танхимд толилуулав. Тус үзэсгэлэн нь соёл, урлаг, оюун сэтгэлгээний нандин өв уламжлалаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний өв соёлоо хүүхдийн бүтээлээр дэлхий дахинд таниулах зорилготой юм.
Үзэсгэлэнг нээж ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат, ЮНЕСКО-ийн Холбоот сургууль, Нийслэлийн 2 дугаар дунд сургуулийн захирал Л.Цэнгэлмаа нар үг хэлж “Соёлын өв - Бидний бахархал” зургийн уралдааны шилдэг оролцогчдын шагналыг гардуулав.
Тэргүүн байрын шагналыг Нийслэлийн 17 дугаар сургуулийн 3 дугаар ангийн сурагч Е.Цэцэгжаргал, 2 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагч Ч.Алтаншагай, Өсвөрийн зохион бүтээгчдийн лабораторийн ахлах сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Бадмаараг нар тус тус хүртэв.
Харин дэд байрт Өсвөрийн зохион бүтээгчдийн лабораторийн ахлах сургуулийн 3 дугаар ангийн сурагч Б.Анхилуунбэлэг, Монгени цогцолбор сургуулийн 7 дугаар ангийн сурагч Н.Ариунзул, Хэнтий аймгийн Батширээт сумын ЕБС-ийн 8 дугаар ангийн сурагч Д.Өлзийжаргал, гутгаар байрт 52 дугаар сургуулийн 3 дугаар ангийн сурагч Б.Цэцэгдарь, Амгалан цогцолбор сургуулийн 7 дугаар ангийн сурагч С.Дөлгөөнмөрөнгуа, 84 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч Г.Баасандан нар шалгарав.
Тусгай байрын шагналыг 21 дүгээр сургуулийн 3 дугаар ангийн сурагч М.Энххүслэн, Монгени цогцолбор сургуулийн 7 дугаар ангийн сурагч Б.Энхзаяа, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Д.Сод-Эрдэнэ нар тус тус хүртлээ.
Хүүхдийн зургийн үзэсгэлэн хоёр өдрийн турш олны хүртээл болно.
Ж.Болор