Илтгэлийн уралдаанд Ч.Болдбаатар тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-04-03 17:00:09

Хөвсгөл\МОНЦАМЭ\ Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан “Сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Хаянхярваагийн Цэнд-Аюушийн нэрэмжит “Шинэ санаа-Шинэ мэдлэг” сэдэвт олон практикийн бага хурал зохион байгуулж эмч нар 24 илтгэл тавьж уралдлаа.

Тус илтгэлүүдээс "Хөвсгөл аймгийн НЭ-ийн дурангийн кабинетаар үйлчлүүлсэн хоол боловсруулах дээд замын эмгэгтэй хүмүүст H.pylori нянгийн тархалтыг судалсан байдал" сэдэвт Нэгдсэн Эмнэлгийн Дүрс оношилгооны тэргүүлэх зэргийн их эмч Ч.Болдбаатарын илтгэл тэргүүлэв.

Уралдааны дэд байрт С вирусын шалтгаант элэгний архаг үрэвслийн вирусын эсрэг эмчилгээний үр дүнг тооцсон тухай дотрын их эмч Ц.Одгэрэл, Нэгдсэн эмнэлгийн лабораториор үйлчлүүлсэн иргэдийн цусны резус бүлэг тодорхойлсон дүнгийн тухай Нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасгийн эрхлэгч Ч.Цэрэндуламын илтгэл гуравт шалгарчээ.

Итгэлийн уралдаан нь орон нутаг ажиллаж байгаа эмч нарын ур чадварыг дээшлүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой бөгөөд уралдаанд оролцох гэж олон эмч нар судалгаа хийж бие биенээсээ туршлага судалдаг болсноороо онцлог арга хэмжээ болсон гэдгийг "Х.Цэнд-Аюуш сан"-гийн тэргүүн Ц.Цэцэнзориг хэлж байлаа.

Уралдааныг 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. 

Б.Гантуяа

 

Related news