Алтан бийрийн үзүүрт

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2017-04-07 13:34:05

Монголд зураач, урчууд ямар чиг хандлагатай уран бүтээл туурвиж байгааг багцлан харах боломжтой "Алтан Бийр", "Намар", "Оны шилдэг бүтээл" гэх зэрэг нэлээдгүй үзэсгэлэнг МУЭ-ийн хорооноос уламжлал болгон гаргадаг. Энэ удаад дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл "Алтан бийр 11" үзэсгэлэнг үзэгчдийн хүртээл болгохоор нээв. 

“Залуу уран бүтээлчдийн нэгдэл”-ийн хамт олон нь урлагийн тодорхой арга барилаар өөрийгөө сорьж, шинийг эрэлхийлэн уран бүтээлээ туурвиж буй залуу зураачид болон урлаг соёлын чиглэлээр сурч боловсорч буй оюутан залуусын сэтгэлгээ, ур ухааны дээжийг олон нийтэд толилуулахад гол анхаарлаа хандуулдаг. Тэд 2004 оноос үйл ажиллагаагаа дахин сэргээн дүрслэх урлагийн салбарт өөрийн өвөрмөц орон зайг эрэлхийлж буй. Уг үзэсгэлэн өнгөрсөн жилээс олон улсын хэмжээнийх болон өргөжин тэлж байгаа бөгөөд энэ жил ӨМӨЗО, Их Британы уран бүтээлчид оролцсоноороо онцлогтой. 160 гаруй бүтээл ирснээс 120-ийг нь онцолж, Урчуудын эвлэлийн уран зургийн галерейд дэлгэсэн байна.

“Шинэчлэл, шинэчлэгч, шинэ урсгал, шинэ шүлэг, шинэ үзэл, шинэ санаа, шинэчлэлийн засгийн газар, шинэ хот, шинэ хүн... гэх шинийн “өвчин”-д яасан их нэрвэгдээ вэ?” гэж судлаач Г.Батсуурь бичсэн санагдана. Магадгүй хуучнаасаа салж чадаагүй ч “шинэ” зүйлсийн дунд төөрөлдөгсдийн эрин зуунд амьдарч байгаа мэт сэтгэгдэл хааяа төрдөг юм. Гэтэл “Алтан бийр 11” үзэсгэлэнд очсоноор өнөөх сэтгэгдэл минь ор мөргүй алга болов. Тархинд минь “шинэ” гэсэн үг л хамгийн түрүүнд орж ирсэн юм. Зураг бүрээс тухайн уран бүтээлчийн огт өөр өөр арга барил, шинэ санаа мэдрэгдэнэ. Үнэхээр шилдэг зураачдын арга техник, зоримог туршилтаар дүүрэн цогц үзэсгэлэн болжээ гэхээс өөр хэлэх үг үл олдоно.

Б.Орхонтуулын нислэг

Энэ удаагийн алтан бийрийн эзнээр зураач Б.Орхонтуул “Нисдэг нь...” зургаараа тодров. Түүнийг МУЭ-ийн хорооны урлангийн байранд нэг жил ажиллах эрх, мөнгөн шагнал, Сувд болон “Ninth Art Gallery”-д тус бүр нэг удаа үзэсгэлэн гаргах эрхээр шагнав.

Зураач залуу өөрийгөө өөр дээрээ мордчихсон тэнгэрийн уудмаар нисч яваа өгүүлэмжтэйгээр зурсан нь нэн түрүүнд анхаарал татна. Доор нь байх өөрийнхөө амыг шаарны уяагаар жимбийтэл нь боож ярих аргагүй болгосон ба “чимээгүй” байхыг анхааруулж долоовор хуруугаараа уруулаа даржээ. Мөнхүү барьсан шаар нь сар шиг өнгөтэй бөгөөд дор байх хүний толгой нь яг л шаар адил хэлбэртэй. Харин үүнд дүгнэлт хийх эрх олдсонгүй.

Учир нь зураач Б.Орхонтуул “Нисдэг нь...” зургаа “Гадаад орчноос илүү миний дотоод ертөнцөд болж буй хувьсал, уран бүтээл хийж байхад мэдрэгддэг шаналан, баяр баясал, хүсэл хясал сонирхолтой санагддаг. Тиймээс дотор болж буй үйл явцаа аль болох илэрхийлэх гэж сүүлийн үед өөрийгөө зурж байна. Хүн, тэр дундаа уран бүтээлч өөртэйгөө ажиллаж, дотоод сэтгэлээ тольдон, залж жолооддог гэдэг санааг энэ зургаар илэрхийлэх гэсэн юм. Миний толгой болон тэр сар, шаар шиг байгаа биз. Үзүүртэй зүйлээр хүрэхийн төдийд л хагарчих мэт эмзэг хэрнээ энэ хорвоод байдаг ч юм шиг, үгүй ч юм шиг зүйлсийг үүгээр бэлгэдсэн. Мэдээж сар хэзээ ч шаар шиг мөн чанартай байхгүй. Гэхдээ хүний сэтгэхүй шаарыг ч сар шиг болгож чадна” гэж тайлбарласан билээ.

Шаарыг ч сар болгож чадах хүмүүс

Алтан бийрийн эзэн Б.Орхонтуулыг зургийнхаа талаар ийн өгүүлэхэд дектефоноо алдалгүй шүүрч аваад яриаг нь буулгаж амжсандаа баярлав. “Шаарыг ч сар болгож чаддаг” зураач, сэтгэгчдийн дунд яваа даа талархах шиг санагдана. Эх оронд минь болж буй нийгмийн алгуур өөрчлөлтийн давалгаа, өр зээл, эдийн засгийн хямрал, улс төрийн асуудлууд ор тас мартагджээ.

Дараагийн онцлох зураг бол залуу зураач Б.Баярцэнгэлийн буддагийн хөргийг олон янзаар нэгэн хавтгайд бүтээсэн зураг байлаа. Жинхэнэ буддаг олохийн тулд нэлээдгүй хугацаа шаардаж байгаа тухай үзэсгэлэнд морилсон зочид өөр хоорондоо ярилцана. Энэ нь нэг талдаа онцгой үйл явдлын тухай нийтлэл бичихээр цуглуулсан баримтан дотроосоо хамгийн үнэн зөвийг нь олох гэж хэдэн цагаар ч хамаагүй өөр хооронд нь харьцуулан суух сэтгүүлчтэй адилхан санагдаж байв. Тус бүтээл нь ч угтаа “Finding Budda” буюу “Буддаг олоорой” гэсэн нэртэй юм.

Магадгүй шинэ нээлт, үйл явдлууд ар араасаа хөвөрч, мэдэмхийрэгчид олшрох тусам бид үнэ цэнээ гээж гарах гарцгүй төөрдөг байшинд орчихоод байгаа ч юм билүү гэх санаа төрнө. Эсвэл өөрийгээ хэн бэ гэдгээ тодорхойлчих насан дээрээ ирсэн ч тодорхойлж чадахгүй хүмүүс өчнөөн бий. Тус зургийн утга санаа руу нэвтэрвэл ийм бодол төрөх бөгөөд илэрхийлэл нь маш өндөр түвшинд бүтээгджээ.

“Зураач бол хараагүй хүний мэргэжил. Тэр харснаа зурдаггүй, харин юуг мэдэрснээ, харсан зүйл нь түүнд юу хэлснийг зурдаг” хэмээн Испанийн алдарт зураач Пикассо хэлсэн байдаг. Бодит байдлаас илүү өөрийнхөө дотоод мөн чанар луу нэвтрэх нь бүтээлч хүний жинхэнэ ур чадварыг илтгэсэн хэрэг шүү дээ.

Зураач юу харснаа санах бус хараад юу мэдэрснээ сэргээн санаж утгыг гүнзгийрэлд бүтээлийнхээ мөн чанарыг чиглүүлснээр сарыг ч шаар болгох хэмжээний гайхалтай төсөөллийг бий болгодог байна. Энэ л урлагийн гол мөн чанар.

Тэр мөн чанарыг залуу зураачид хэдийн ойлгож уран бүтээлдээ хэрэгжүүлж яваа нь олзуурхууштай. Заавал гадаад хэл сурч, өндөр түвшний мэдлэгтэй болсноор зураачид дэлхийд үнэлэгдэнэ гэсэн зүйл үгүй. Учир нь зураг хэлээр бус харах, мэдрэх үйл явцаар дамжин хүмүүст хүрдэг. Тиймээс бидэнд бийрээ бариад зурж болох бүхнийг зурж чаддаг олон залуу уран бүтээлч байхад монгол хүний авьяас чадвар дэлхийд үнэлэгдэх тэр цаг ойрхон байна.

Үүнд итгэлтэй буйдаа огтхон ч эргэлзэхгүй байгаа минь үнэн билээ.

Б.Алтанхуяг

Related news