Б.Чимэд: Экологийн боловсролтой иргэнтэй улс орон болоход 50-80 жил шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
ariunbold@montsame.gov.mn
2017-04-24 15:37:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан нийслэлд бүтээн байгуулалтын ажлууд өрнөж эхлээд байна. Үүнтэй зэрэгцээд ногоон байгууламжийг сэргээх, арчлах ажил ч мөн эхлээд буй юм. Тиймээс нийслэлийн ногоон байгууламжийг сэргээх, арчлах чиглэлээр энэ онд хийх гол ажлуудын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн асуудал хариуцсан зөвлөх, дендрологич, биологийн ухааны доктор, профессор, байгаль орчны гавъяат ажилтан Б.Чимэдээс зарим зүйлийг тодруулав.

-Нийслэлийн ногоон байгууламж нэг хүнд хэдэн м2 ногдож байна вэ. Олон улстай харьцуулбал?

-Гадаад орнуудын ногоон байгууламжийн хэмжээ нэг хүнд ойролцоогоор 15-18 м2 ногддог гэсэн судалгаа бий. 1990 оноос өмнө Улаанбаатар хот ч энэ хэмжээнд байсан. Зах зээлд шилжиж, Монголын хүн амын бараг тал нь нийслэлд шилжин суурьшсантай холбоотой ногоон байгууламжийн хэмжээ буурсан. Тухайн үед эдийн засаг хүндрэлтэй байсан тул ногоон байгууламжийг услах, тордох ажил ч зогсонги хэлбэрт орсон. Мөн газар үнэд орсны улмаас ногоон байгууламжаа устгаж барилга барих нь ч нэмэгдсэн юм. Үүний улмаас нэг хүнд ногдох ногоон байгууламж 6 м2 орчим үлдсэн байна.

-Улаанбаатар хотын ногоон байгууламжид жилд хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Жилд 5-6 тэрбум төгрөг зарцуулдаг.

-Улаанбаатар хотод ямар төрлийн мод тарих нь тохиромжтой вэ? 

-Сүүлийн жилүүдэд жижиг бутлаг мод их тарьсан. Бутлаг мод бол чимэглэлийн зориулалттай. Нийслэлд гацуур, нарс, зэрэг шилмүүст модыг том болсных нь дараа суулгах хэрэгтэй. Гэтэл том мод хурдан үхдэг гэж шүүмжлэх хүмүүс олон бий. 10 жилийн өмнө Хотын захиргааны үүдэнд 30 ширхэг том мод тарьсан. Нэг нь ч үхээгүй байна.

-Ногоон байгууламжийн асуудлыг хотын төлөвлөлттэй хэрхэн уялдуулж байна вэ?

-Ногоон байгууламж бол хот байгуулалтын бүрэлдэхүүн хэсэг. Хотын нийт нутаг дэвсгэрийн 40 хувь нь ногоон байгууламж байх бодлоготой. Автозам, барилга байгууламжийн 20 хувь нь ногоон байгууламж байх ёстой гэсэн стандарт бий.

-2020 он гэхэд нийслэлийн ногоон байгууламжийн хэмжээг хэдэн хувиар нэмэх вэ?

-Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 6.2 м2 болгоно гэсэн төсөөлөл бий.

-Энэ онд хийх томоохон ажлуудаас танилцуулбал?

-Энэ онд хотын төв буюу Энхтайваны өргөн чөлөө дагуу 1700 ширхэг том мод суулгахаар зураг төслийг нь баталсан.Ногоон байгууламж байгуулах, услах, арчлах, хашлага хамгаалалт хийх чиглэлд 130 аж ахуйн нэгж дунд сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжүүдэд Энхтайваны өргөн чөлөө дагуу тодорхой хэмжээний газрыг хариуцлуулах юм.

-Гэр хороололд ногоон байгууламж бий болгох чиглэлд ямар ажил хийх вэ?

-Улаанбаатар хотын гэр хороолол 30 мянган га талбайг эзэлж байна. Хашаа бүрийн 40 хувьд буюу 12 мянган га талбайд ямар ч ургамал ургахгүй байна Айл өрхүүд хашаандаа мод тарьж, 100 хувь ногооруулах ёстой. Мод тариагүй айлд хариуцлага тооцох хэрэгтэй. Гэхдээ үүнд бас асуудал бий. Солонгос, Сингапурт жилд 800-1000 мм хур тунадас унаж байна. Гэтэл Монголд 110-140 мм. Ундны усаа худалдаж авч байгаа гэр хорооллын айлууд юун мод тарих.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож байгаа аж ахуйн нэгжүүд ногоон байгууламжаа хамт хийх ёстой. Гэтэл ногоон байгууламжаа огт хийдэггүй.Тиймээс айлуудын хашааны газрыг байраар солих бус дэд бүтэцтэй нь холбож, устай болгох хэрэгтэй.

-Манайд мэргэжлийн цэцэрлэгчийг хаана, хэрхэн бэлтгэж байна вэ?

-Социалист нийгмийн үед манайд ногоон байгууламжийн чиглэлээр ажиллах мэргэжилтэн бэлтгэдэг МСҮТ олон байсан. Одоо гурван дээд сургуульд ой зүйч, ойн инженер бэлтгэж байна. Харин цэцэрлэгчийг “Эко Монгол” МСҮТ-д мэргэжлийн цэцэрлэгч бэлтгэж байгаа. 2014 онд 300 мэргэжлийн цэцэрлэгч бэлтгэснээс одоо 150 нь ажиллаж байгаа. Ойролцоогоор 750 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна.

-Ерөнхийлөгчийн санаачлагаар жил бүр мод тарьдаг. Ургалт нь хэдэн хувьтай байдаг бол. Нийслэлийн ногоон байгууламжид нөлөөлж чадаж байна уу?

-Минийхээр бол модыг субботник буюу бүх нийтийг хамруулж хийх нь буруу. Ногоон байгууламжийг мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөгөөн дор ой, мэргэшсэн мод үржүүлгийн газраар хийлгэх ёстой.

Улаанбаатар хотод мод тарих ажил 1940 оноос эхэлсэн. Энэ хугацаанд хэдэн сая мод тарьсан ч ургаагүй. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, хот байгуулалт төлөвлөлтгүй явагдсан. Хоёрдугаарт, хөрөнгө мөнгөгүйн улмаас арчилгаа нь хаягдсан. Хамгийн хэцүү нь нүүдэлчин ард түмэн мод тарих, хамгаалах, ургуулах зэрэг экологийн боловсрол байхгүй. Монголын ард түмэн суурин амьдралд дасч, мод арчилгааг хүнсний ногоо тарьдаг шигээ мэддэг болох хэрэгтэй. Энэ хэмжээний экологийн боловсролтой ард түмнийг бий болгоход олон жил шаардлагатай. Өчигдөрхөн хөдөө хонь хариулж байсан залуу хотод ирээд, Сүхбаатарын хөшөөний өмнөх цэцгэн дээр гишгээд л гинжин дээр нь сууж байна. Гэтэл гадаадад нэг модыг арчилж тордоход нэг хүн ажиллаж байна. Тэр хүн хариуцсан модоо ургуулахын тулд яг л хүүхэд өсгөж байгаа юм шиг ажилладаг. Манайд бол нэг мод суулгаад, 8 литр ус хийгээд л хаячихдаг. Эсхүл дендрологич Чимэд мод тариад л хотын ногоон байгууламж сайжирчих юм шиг боддог. Энэ маш буруу. Хотын ногоон байгууламжийг хүн бүр хайрлаж, хамгаалах сэтгэхгүйтэй, экологийн боловсролтой байх ёстой.
 
-Иргэдийн экологийн боловсролыг сайжруулахын тулд нэн тэргүүнд юу хийх хэрэгтэй вэ?

-Энэ бол хамгийн чухал асуудал. Иргэд модны хөрс, үрнээс эхлээд навч, нахиа нэг бүрийг нь мэдэж, түүнийгээ хайрлаж, хамгаалдаг болох ёстой. Энэ бүхнийг ерөнхий боловсролын сургалтаар олгох хэрэгтэй л дээ.Элдэв янзын эсийн бүтэц зааж байхаар модыг яаж ургуулдаг вэ, мод, цэцэг, жимс хэрхэн тарих, ургуулах вэ гэдгийг заах ёстой. Манайд энийг заах экологийн багш ч алга. Экологийн боловсролтой иргэнтэй улс орон болоход 50-80 жил шаардлагатай.

-Ерөнхий боловсролын сургалтад энэ төрлийн хичээл оруулдаг болох чиглэлээр та холбогдох байгууллагуудад хандаж үзсэн үү?

-Энэ бол Хот тохижилтын газар эсхүл денрологичийн хийх ажил биш. Үүнийг салбарын яам олон жилийн төлөвлөгөөтэй хийх ёстой.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Related news