Реппэр Эминем Шинэ Зеландын эрх баригч намтай шүүхээр заргалдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2017-05-02 10:52:36
НЬЮ-ЙОРК./BBC/. Рэппэр Эминем өөрийнх нь дуулсан дууг кампанит ажлынхаа сурталчилгаанд ашигласан гэх үндэслэлээр Шинэ Зеландын эрх баригч намыг шүүхэд өгсөн байна.

2014 онд тус улсын Үндэсний намын сурталчилгаандаа ашигласан дуу нь түүний хит болсон дуунуудын нэг болох “Lose Yourself”-ийн зөвшөөрөлгүй хувилбар байсан гэж нэрт реппэр мэдэгджээ.
 
Харин тус намын хуулийн зөвлөх хэлэхдээ "энэ бол үнэндээ “Lose Yourself” гэдэг дуу биш харин “Eminem-esque” гэдэг нэртэй дуу байсан, түүнийг хөгжмийн дэлгүүрээс худалдан авсан" хэмээн үгүйсгэж байгаа юм.
 
Шүүх хуралдаан даваа гарагт эхэлсэн бөгөөд хоёр дууг шүүхийн танхимд сонсгосон байна.

2014 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Үндэсний намыг дэмжихийг сонгогчдод уриалсан жагсагчдын дуу хоолойн бичлэгийн ард эгшиглэх “Eminem-esque” дуу нь Эминемийн 2002 оны “8 бээр” киноны дуу болох “Lose Yourself”-тай тун ч адилхан сонсогдож байжээ. Уг бичлэг нь урам зоригийг бадруулж, уриалан дуудсан хэмнэлтэй боловч ямар нэгэн үг хэллэггүй аж. Бичлэгийг “Beatbox” хөгжмийн компанийн цуглуулгаас авсан байжээ.

Дуунууд нь нэрд гарсан бичлэгүүдтэй адил төстэй сонсогдох боловч зохиогчийн эрхийг зөрчөөгүй тохиолдолд арилжааны хөгжмийн цуглуулгын худалдаанаас авч ашиглахыг зөвшөөрдөг аж.

Харин “Eight Mile Style”-ийн хуульч Гарри Уильямс "дууг ашигласан нь зохиогчийн эрхийг зөрчсөн" гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.
 
Харин Үндэсний нам зохиогчийн эрх зөрчсөн асуудлаар ямар нэгэн хариуцлага хүлээхийг хүсэхгүй байгаа юм.

Шүүх хуралдаан зургаан хоног үргэлжилнэ. 


 
Х.Сарнай  


 
Related news