С.Бямбацогт: Бүсийн нэмэгдлийн хуулийг таван жил хэлэлцэхгүй дарж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДАлслагдсан бүсийн иргэдэд бүсийн нэмэгдэл олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх бодлогыг одоогоос 5 жилийн өмнө өргөн барьсан боловч УИХ өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна. МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын бодлогод тусгагдсан уг хууль өнөөдрийг хүртэл хэлэлцэгдэхгүй байгаа нь алслагдсан Ховд нутгийнханд хүлээлт үүсгээд байгаа.
Монгол орны өнөөгийн нөхцөл байдал, эдийн засаг, дэд бүтцийн өрөөсгөл тогтолцооноос болж төвөөс алслагдах тусам өртөг өсдөг тэр хэмжээгээр алс хязгаар нутгийн ард иргэдэд амьжиргааны дарамт учруулж, үйлдвэрлэл, аж ахуй хөгжиж өрсөлдөх боломжийг хязгаарладаг билээ.
Ганц л жишээ дурдахад Улаанбаатар хотод АИ92 шатахуун 1660 төгрөгийн үнэтэй байхад Ховд аймагт 2090 төгрөгийн үнэтэй байна. Энэхүү үнийн зөрүүг алслагдсан бүсийн татварыг ялгаатай тогтоох замаар зохицуулах боломжтой.
Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Нэр бүхий гишүүд Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг санаачилсан, УИХ хэлэлцэхгүй 5 жил болж байна. Өнгөрсөн долоо хоногт Бүсийн хөнгөлөлтийн тухай хуулийн төслийг санаачлан УИХ-ын удирдлагад өргөн мэдүүлэх гэтэл хүлээж авахгүй байна. Хямралтай хүндрэлтэй үед нефтийн бүтээгдэхүүний үнийг бууруулахын оронд Засгийн газар онцгой албан татварыг нэмэгдүүлнэ гэж байна. Уг нь хямралтай үед орлого багатай иргэдээ дэмжих ёстой" гэж байр сууриа илэрхийлснийг гишүүний Ховд аймаг дахь бие төлөөлөгч Ц,Номинчимэг мэдээллээ.
А.Бямбасүрэн