"Э.Макрон оффшор данстай" гэсэн яриаг няцаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-05 10:04:53
ЛОНДОН./BBC/. Францын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Эммануэль Макрон өөрийг нь Багамын арлуудад банкны нууц данстай гэсэн худал мэдээллийг интернетээр цацаж буй хүмүүст хариуцлага тооцохыг шаардан шүүхэд ханджээ.

Шүүхэд хандах болсон шалтгаан нь түүний өрсөлдөгч Марин Ле Пен сонгуулийн сурталчилгааны явцад ийм яриа гарч байгаа тухай ярьжээ. “Танд Багамын арлуудад оффшор банкны данс байхгүй гэж найдаж байна. Байхгүй биз дээ ....” хэмээн Ле Пен хэлжээ.

“Байхгүй ээ, мадам Ле Пен, яагаад гэвэл энэ гүжир гүтгэлэг. Харин танд тийм данс байдаг уу?” гэж Макрон сөргүүлэн асуусан байна. “Бид нар таны орхигдуулсан мэдүүлсэн хөрөнгийн талаар мэднэ, таныг хүмүүс шүүхэд өгсөн гэдгийг бас мэднэ” хэмээн Э.Макрон Үндэсний фронт намын нэр дэвшигч Ле Пений Европын Холбооноос авсан 5 сая еврог завшсан тухай яриаг сануулан дурджээ.

Пүрэв гарагт Э.Макроны туслах хэлэхдээ “дээрх худал мэдээллийг давтан түгээсэн хүн бүрийг бид шууд шүүхэд өгөх болно” гэж мэдэгджээ.

Э.Макрон банкинд нууц данстай гэсэн мэдээлэл зарим цахим хуудас, нийгмийн сүлжээгээр цацагдаж байгаа юм. Пүрэв гарагт Э.Макрон радиод ярилцлага өгөхдөө "ийм яриа тархсан нь “гүжир гүтгэлэг” гэжээ. Ийм мэдээллийг цацаж байгаа зарим цахим хуудсууд нь Оростой холбоотой гэж тэрбээр мэдэгджээ.

Э.Макроныг дэмжигчдийн ярьснаар, Э.Макрон оффшор данстай гэсэн худал мэдээлэл цацаж байгаа зарим сайтуудыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэмждэг гэнэ.

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн шййдвэрлэх хоёрдугаар шат 5 дугаар сарын 7-ны ням гарагт болно.
О.Барс 

 

 

Related news