Элсэлтийн ерөнхий шалгалтад Ховд аймгаас 1411 сурагч орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-08 11:42:48
Ховд/МОНЦАМЭ/ Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чавдар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой  Элсэлтийн ерөнхий шалгалтын 2017 оны шалгуулагчдын бүртгэл орон даяар явагдаж дууссан байна. 2017 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтанд Ховд аймгаас 1411 сурагч орохоор бүртгүүлжээ.  
Ховд  аймгийн Элсэлтийн ерөнхий шалгалт  Ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль  дээр  06 сарын 14-18-ны өдрүүдэд  болох юм. Тодруулбал, Шалгалтанд орж  буй 1411 сурагч  06 сарын 14 өдөр  12- 13 цаг 40 минутын  хооронд монгол хэл бичгийн шалгалтыг өгөх бөгөөд 06 сарын 15-ны өдөр англи хэл, хими, Монгол Улсын түүхийн хичээлээр шалгалт өгнө. Харин 06 сарын 17-ны өдөр математик, газар зүй, биологи, монгол хэлний шалгалтуудыг,  06 сарын 18-ны өдөр Нийгмийн тухай мэдлэг, Физик, Орос хэлний шалгалтуудыг тус тус өгөх юм.
Энэ жилийн  хувьд  англи хэлний хичээлээр  361, химийн  хичээлээр 268,  Монгол Улсын түүхийн хичээлээр 13, математикийн хичээлээр 990, газарзүйн хичээлээр 41, биологийн хичээлээр 260, монгол хэлний хичээлээр 498, нийгмийн тухай мэдлэг хичээлээр 785,  физикийн хичээлээр 470, орос хэлний хичээлээр 27 сурагч шалгуулахаар  бүртгүүлсэн байна.
Өнгөрсөн оны Элсэлтийн ерөнхий шалгалтын Гадаад  хэл, Монгол хэл бичгийн шалгалтыг туршилтын сонсох даалгавартайгаар авсан нь энэ жил мөн сонсох даалгавартай байх юм. Одоогоор аймгийн элсэлтийн  ерөнхий шалгалт авах бэлтгэл ажлыг БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, мэргэжилтэн Батнасан, Хоёрдугаар  сургуулийн захирал Ц.Цэрэнлхам нар гэрээ байгуулан удирдан зохион байгуулж, шалгалт авах анги  танхимийн камер, сонсох  төхөөрөмжийг тавьж, хянах  журмаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 
А.Бямбасүрэн
Related news