Ерөнхийлөгчийн долоо дахь сонгууль ба шинэ хүмүүс

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2017-05-15 13:27:33
Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд  нэр дэвшигчдийг бүртгэх тогтоол Сонгуулийн ерөнхий хороо  /СЕХ/ гаргалаа. Парламентад суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг хуультай. Ийм эрхийг УИХ-д суудалтай МАН, АН, МАХН гурав  энэ удаа эдлэв. Хуульд нийцүүлэн тэд энэ сарын 6-нд СЕХ-д нэр дэвшигчдийнхээ материалыг бүрдүүлж хүргүүлсэн билээ.

СЕХ дээрх материалыг шалгаж үзээд МАН-ын нэр дэвшигч УИХ-ын дарга, тус намын  дарга М.Энхболд, АН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нарыг бүртгэж авах тухай 21,22 тоот тогтоол гаргалаа. Харин МАХН-ын гишүүн Н.Энхбаярыг хуульд заасан ерөнхий болон тусгай нөхцөлийг хангаагүй гэдэг үүднээс бүртгэхээс татгалзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаал 1990 оны ардчилсан хувьсгалтай хамт гарч ирсэн. Өмнө нь төрийн эрх мэдэл тэр үед Ардын Их Хурал /АИХ/-д хадгалагддаг, чөлөөт цагт нь Тэргүүлэгчдын дарга  зарлиг гаргадаг байсан юм. Тухайн үед нийгмийн харилцааг хууль гэхээсээ илүүтэй АИХ-ын тэргүүлэгчдийн болон Сайд нарын зөвлөлийн дарга , яам, тусгай газрын сайд, дарга нарын зарлиг, тогтоол, тушаал шийдвэрээр зохицуулж байв.

Нийгмийн харилцааг зохицуулах энэ хэлбэр 1921-1990 хүртэл 69 жил үргэлжилсэн гэж хэлж болно. Харин  АИХ- ын 11 дэх удаагийн сонгуулийн есдүгээр чуулган 1990 оны 5 дугаар сарын 10-нд хуралдаж БНМАУ-ын Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэн  баталсан юм.

БНМАУ-ын Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хуулиар төрийн эрх барих дээд байгууллагын бүтцийг  өөрчлөн АИХ  хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах үүргээ авч үлдсэн. Хуулийн өөрчлөлтөөр  Улсын бага хурал  /УБХ / БНМАУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг шинээр бий болгосон юм.

Төрийн эрх барих байгууллага шинэ бүтэцтэй болсноор  БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан П.Очирбат АИХ-ын шийдвэрээр 1990 оны 9-р сарын 3-аас 1992 оны 2-р сарын 12 хүртэл БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийг АИХ  1992 онд батлагдахдаа Үндсэн хуулийн  хавсралт хуулийг  хамт баталсан юм  Хавсралт  хуульд “Ерөнхийлөгчийг сонгож тангараг өргөх хүртэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг БНМАУ-ын  Ерөнхийлөгч хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийг 199З оны зургадугаар сард багтаан явуулна” гэж заасны дагуу 1993 оны ээлжит сонгууль хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр П.Очирбат ажилласан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бие даасан хуулийг  УИХ 1993 оны 2-р сарын 15- нд есөн бүлэг 44 заалт бүхий  ба энэ хуульд парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэж заасан байдаг.

Ерөнхийлөгчийн сонгуулийг  1993-2009 оны хооронд таван удаа явахдаа энэ хуулиар явсан юм. Гэхдээ таван удаагийн  сонгууль өөр өөрийн өвөрмөц онцлогтой байсныг хэлэх нь зөв болов уу.

Тухайлбал, 1993 оны сонгуулиар засгийн эрх барьж байсан МАХН Үнэн сонины ерөнхий эрхлэгч Л.Түдэвийг нэр дэвшүүлэв. Тэгвэл парламентад суудалтай Монголын ардчилсан нам анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг нэр  дэвшүүлж байх жишээтэй. Хоёр нэр дэвшигчээс П.Очирбат нийт сонгочдын 56 хувийн санал авч ялалт байгуулж, Монгол Улсын  анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон  байна.
 
П.Очирбат гуай нийгмийн нэг харилцаанаас нөгөөд шилжих шилжилтын үед Үндсэн хуулийн өөрчлөлтөөр БНМАУ-ын, 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр ажилласан түүх намтартай төр нийгмийн нэрт зүтгэлтэн.

1997 онд анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг УИХ дахь  МҮАН-МСДН “Ардчилсан холбоо” эвсэл, УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга Н. Багабандийг МАХН,  УИХ-д суудалтай Монголын уламжлалын нэгдсэн нам УИХ-ын дэд дарга Ж.Гомбожавыг тус тус нэр дэвшүүлээ. Гурван нэр дэвшигчээс Н.Багабанди нийт сон- гогчдын 61 хувийн санал авч сонгогдон  Монгол улсын хоёр дахь Ерөнхийлөгч болсон юм.  

2001 онд хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийг МАХН, УИХ-д ганцхан суудалтай Ардчилсан нам Р. Гон- чигдоржийг, УИХ-д суудалтай ИЗН Л. Дашнямын  нэрийг  тус тус  нэр дэвшүүлсэн. Гурван нэр дэвшигчээс Ийнхүү Н.Багабанди нийт сонгогчдын 58 хувийн санал авч улиран сонгогдсон. Н. Багабанид улиран сонгогдсон анхны ерөнхийлөгч болов.


2005 онд МАХН УИХ-ын дарга Н.Энхбаярыг, Ардчилсан нам УИХ-ын гишүүн М.Энхсайханыг,  "Эх-орон " нам УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбатыг, БНН УИХ-ын гишүүн Б.Жаргалсайханыг Ерөнхийлөгчийн  сонгуульд тус тус нэр дэвшүүлсэн юм. Дөрвөн нэр дэвшигчээс Н. Энхбаяр нийт сонгогчдын 53 хувийн санал авч сонгогдон Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч болсон  юм.  

2009 онд МАХН, гурав дахь Ерөнхийлөгч Н. Энхбаярыг, Ардчилсан нам, УИХ-ын гишүүн Ц.Элбэгдоржийг тус тус нэрийг нь Ерөнхийлөгчид нэр   дэвшүүлэв. Хоёр өрсөлдөгчөөс Ц.Элбэгдорж нийт сонгогчдын 51,20 хувийн санал авч ялалт байгуулан Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч болсон юм. Харин Н. Энх -баяр улиран сонгогдож чадаагүй ерөнхийлөгчийн тоог нэгээр нэмсэн байдаг.

УИХ-аас 2011 онд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг баталсны дагуу  Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд  парламент 2012 онд өөрчилөлт оруулав. Хүнээс хамаарах сөрөг үр дагаваруудыг арилгаж,  сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах, дамжуулах, үйл ажиллагаанд автомат техник хэрэгсэл ашиглах болсон нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн  гол өөрчлөлт байв.

2013 онд  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ардчилсан нам, УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнийг МАН, Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг МАХН Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд тус тус нэр дэвшүүлсэн. Гурван өрсөлдөгчөөс Ц.Элбэгдорж нийт сонгогчдын 50,23 хувийн санал авч улиран сонгогдсон билээ.

Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигч нь бүртгэгдээгүй МАХН-д энэ сарын 18 хүртэл нөхөн нэр дэвшүүлэх эрх нь нээлттэй хэвээрээ үлдлээ.

Харин СЕХ-ны нэр дэвшигчийг бүртгэх, нэр дэвшигчийн үнэмлэх олгох хоёр тогтоолыг харахад,  МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга нар урьд нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагүй шинэ хүмүүс нэр дэвшлээ. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль долоо дахь нь, гэхдээ энэ сонгуулиар Монгол Улсын тавь дахь Ерөнхийлөгч  иргэдийн сонголтоор гарч ирнэ.

Жич: Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталж, засаглалын Бүгд найрамдах хэлбэрийг сонгосон 1924 оноос Улсын бага хурал (УБХ)-ын Тэргүүлэгчдийн даргыг  төрийн тэргүүн гэж үзэж байсан  байна. Дараа нь УБХ гэдэг бүтэцгүй болоход  АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэсээр 1990 онтой золгожээ.
                                                                                                                                                              Г.Эрдэнэбат
 
 
Related news