“XXI зууны иргэн ба боловсрол” сэдвээр ярилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 12:24:34

Дорнод их сургуулиас санаачлан “XXI зууны иргэн ба боловсрол” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг саяхан амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн хурлын онцлог нь өмнө явагдсан “Боловсролын шинэчлэл ба инноваци” сэдвээс өөр, оролцогчид нь газар газраас ирж, оюун ухаанаа сорьсноороо өвөрмөц байлаа. Зөвхөн орон нутгаас төдийгүй ОХУ-ын “Буриадын их сургууль”, Улаанбаатар, Архангай, Завхан, Сүхбаатар аймгийн судлаачид итгэлээ ирүүлж оролцсон аж.

Тус хуралд БСШУЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Н.Туяа, БСШУЯ-ны боловсролын салбарын гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Д.Батцэцэг, БСШУЯ-ны соёл урлагийн салбарын гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн О.Оюунбилэг, МУБИС-ийн ректор, доктор, профессор Д.Мөнхжаргал, МУБИС-ийн нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш, доктор П.Нармандах нар хүрэлцэн ирж, оролцжээ.

Бага хуралд 21 эрдэм шинжилгээний бүтээл ирснээс 7 бүтээлийг хэлэлцүүлсэн байна. Тэднээс Дорнод Их Сургуулийн эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцааны мэргэжилтэн С.Энхжаргал “Хувь хүний ур чадвар  (Soft skills) ба бакалаврын хөтөлбөрийн агуулга” илтгэлээрээ тэргүүн байр эзэлж, 500000 төгрөгөөр шагнуулсан бол Дорнод Их Сургуулийн Байгалийн ухаан бизнесийн салбарын багш М.Алтан-Өлзийн “Sparse Representation болон NSST арга дээр суурилсан хиймэл дагуулын зураглалыг нэгтгэх арга “, Хэрлэн сумын аймгийн тэргүүний 8-р сургуулийн бага ангийн сургалтын менежер А.Мөнхжаргалын “Бага ангийн сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломж” илтгэлүүд шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.

Эрдэм шинжилгээний хурлыг монгол, англи хэлээр хөтлөн явуулсан нь шинэлэг бөгөөд итгэлийн эмхэтгэлийг англи хэлээр гарган тараасан байна.

Хурлыг зохион байгуулахад Монголын Их дээд сургуулиудын консерцумаас 1000000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлжээ. 

Цаашид энэхүү хурлыг жил бүр уламжлал болгон явуулах ажээ. 

Б.Туяа

Related news