Г.Майцэцэг: Монголын оёдолчдыг нэгтгэж, улсын аваргаа тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
gantuya@montsame.mn
2017-05-21 16:37:25
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Улсын мастер үсчин”, “Мастер тогооч” шалгаруулна гэсэн олон уралдаантай адил “Уран үйлчин” буюу шилдэг оёдолчдыг шалгаруулах уралдааны талаар та өмнө нь сонсож байсан уу? Бараг л үгүй болов уу. Учир нь сүүлийн 25 жилийн хугацаанд оёдолчдыг урамшуулах, шилдгийг нь шалгаруулж, мастер цол өгөх уралдааныг   зохиож байсангүй.

Харин энэ удаад “Монголд Бид Үйлдвэрлэв” ТББ-аас “Уран үйлчин” улсын анхдугаар уралдааныг санаачилан зохион байгуулж эхэлснийг дуулгахад таатай байна. Энэ уралдаан нь Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн уран үйлчдийг бүхэлд нь хамруулж, авъяас чадвараар нь өрсөлдүүлэн, цаашлаад үнэлэмжийг нь дээшлүүлэх зорилготой. Хэдийнэ гурван аймгийн уран үйлчдийн чансааг сориод амжсан уралдааны талаар “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн, “Эксклюзив” брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэгтэй ярилцсан юм. 

-Маш сайхан уралдаан зохиож явааг тань дуулаад зорин ирлээ. Яагаад оёдолчдын дунд уралдаан зохиох болов?   
-Энэ уралдааныг зохион байгуулах талаар гурван жилийн өмнөөс бодсон. Гэхдээ энэ бол зөвхөн уралдаан биш, маш олон том зорилготой, үр өгөөжтэй зүйл юм. Сүүлийн 20 гаруй жил оёдог урладаг хүмүүс шилдгүүдээ тодруулж байгаагүй. Тэд хөшигний ард үлдэж, урласан хувцасыг нь өмссөн хүмүүс л гангардаг байснаас хэн хийсэн урласан гэдгийг тэр бүр хэлээд байдаггүй. Социализмын үед тэдний хөдөлмөрийг үнэлдэг, сайхан үйлдвэрт, сайхан орчинд ажилладаг байсан. Гэтэл одоо байрны орц, хонгилд хэдэн талд тархчихсан, тархай бутархай, хүмүүс хийснийг нь, авьяасыг нь үнэлэхээ больчихсон ийм л нөхцөлд оёдолчид ажиллаж байгаа. Тиймээс юм хийж бүтээж, үйлдвэрлэж байгаа, насаараа оёдол, үйл эрхэлж байгаа тэдний үнэлэмжийг дээшлүүлэх, нийгэмд алдаршуулах ёстой юм. Эс бөгөөс зах зээлийн шуурганд оёдолчид маань арчигдах аюултай. Тиймээс энэ уралдааныг санаачлан зохион байгуулж байгаа юм.

-Их том зорилго сонсогдож байна?
-Тийм шүү. Уралдаан маань их олон зорилготой. Монгол уламжлалыг үе дамжуулан авч яваа үйлчин, оёдолчдыг урамшуулах, мэргэжлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, нарийвчилсан судалгаа гаргах, чадамжийг тодорхойлох, үнэлгээ бий болгох, оёдолчин мэргэжлийг сурталчлан таниулах, хөнгөн үйлдвэрийн салбарын хэтийн төлөвлөгөөг боловсруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэн кластераар хөгжих боломжийг бүрдүүлэх нь манай уралдааны зорилго. 
Энэ уралдааныг зохион байгуулснаар төрөлжсөн үйлдвэрүүд орон нутагт нээгдэх суурь болно. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг борлуулалтаар нь дэмжин, худалдан авалт хийх юм. Тиймээс “Монголд Бид Үйлдвэрлэв” ТББ-ын хамгийн том зорилго нь үйлдвэрлэлийг дэмжиж, бизнес эрхлэгчиддээ захиалга олж өгч холбох юм.

-Судалгаа гэлээ. Оёдолчдын судалгаа гарна гэсэн үг үү?
-Оёдол эрхлэгчдийн маш нарийвчилсан судалгааг энэ уралдаанаар дамжуулан гаргаж болно.  Монголд хэчнээн тооны оёдолчид, ямар тоног төхөөрөмжөөр хэрхэн ажиллаж байна, чадамж, чадвар нь ямар байна гэдэг их том судалгаа гарч ирнэ. Үүний үр дүнд ямар үйлдвэр, хаана байгуулах шаардлагатай гэдэг зураглал гаргаж болно.  
Бид нэгдсэн зохион байгуулалтад орж, масс-аар үйлдвэрлэж, үйлдвэрлэл эрхлэх шаардлагатай байна. Бидний уралдааны үр дүн бол төрөлжсөн үйлдвэрүүд байгуулах. Тухайлбал Хөвсгөл аймагт бид подволкны үйлдвэр байгуулахаар төлөвлөж эхлээд байна. Яагаад гэвэл Хөвсгөл аймаг бол аялал жуулчлалаар онцлог. Гаднаас ирсэн жуулчид дурсгал болгож юу авах вэ гэсэн эрэлт их байдаг учир үүнд  зориулж Хөвсгөл нуурын үзэсгэлэнт байгалийг буулгасан подволк үйлдвэрлэж болно. 

-Уран үйлчин уралдаанд зөвхөн үндэсний хувцасаар чансаагаа сорино гэсэн. Яагаад заавал үндэсний хувцас гэж? 
 
-Хэн дуртай нь хувцас урлаж чаддаггүй. Тэр дундаа Монгол үндэсний хувцасыг. Тиймээс энэ сайхан авьяас чадвартай хүмүүсийг олны танил болгож тэднийгээ алдаршуулж нэр хүндийг нь өсгөж үнэлэмжийг нь дээшлүүлэх зорилготой. Монгол хувцас гэдэг бол тэр чигээрээ түүхийн өв соёл. Мөн цаашлаад хөдөө амьдарч байгаа малчин айлын эзэгтэй үйлдвэрлэгч болж болно. Монгол хувцасны онцлог нь сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж шаардаад байдаггүй. Тиймээс монгол туургатны зах зээл бидэнд нээлттэй байна. Ар Монголын уран үйлчдийн урласан монгол дээл хувцасыг авч өмсөх сонирхол гадны зах зээлд маш их байна. 

-Уралдаан нь ямар шат дараалалтай явах вэ? Шилдгийн шилдгүүд хэзээ тодрох вэ?
-Нэгдүгээр шатанд монгол цамц. Энэ бол монгол хувцасны А үсэг нь шүү дээ. Тиймээс оролцогчиддоо нэг төрлийн, нэг өнгийн материал өгөөд хэрхэн амьдруулж, ямар ур чадвар гаргаж урлах нь оёдолчдын шалгуур байх юм. Нэгдүгээр шатанд аймаг, дүүргийн аваргууд тодорч, хоёрдугаар шатанд бүсийн аваргууд шалгараад шигшигдсэн үйлчид маань эцсийн шалгаруулалтад орох юм. Долдугаар сарын 10-нд гуравдугаар шатны шалгаруулалтыг зохион байгуулж, шилдгийн шилдгүүдээ тодруулах төлөвлөгөөтэй байна. Монгол орны өнцөг булан бүрээс шилэгдэж ирсэн уран үйлчид маань чансаагаа сорино гэсэн үг. Үүнээс бид Улсын аваргаа тодруулах юм. Мөн оролцогчдынхоо урласан бүтээлээр үзэсгэлэн, загварын шоу зохион байгуулж, “Дээлтэй Монгол” наадамд парадад оролцохоор төлөвлөж байна. 



-Шилдгүүдийг хэрхэн урамшуулж байгаа вэ. Их өндөр шагналын сантай харагдсан?
-Нэгдүгээр шатны шилдгүүд 100.000-500.000 төгрөг Японы “Juki” брэндийн оёдлын машин, хоёрдугаар шатанд 500.000-1 сая төгрөг, өргөмжлөл, цом, гуравдугаар шатанд 3 сая-10 сая төгрөгийн шагнал, цом гардуулна. Хамгийн гол нь уран үйлчиддээ цол олгоно. Аймгийн аварга уран үйлчин, Бүсийн аварга уран үйлчин, Улсын аварга уран үйлчин гэсэн цол олгож, алдаршуулах юм. 

-Үнэхээр содон сонсогдож байна. Бөхийн цол шиг хадгалагдаж явах нь ээ?
 
-Яг тийм. Мастер үсчин гэж байдгаас мастер, аварга үйлчин гэж байдаггүй шүү дээ. Тиймээс үйлчдийнхээ чадвар чансааг үнэлж, үнэлэмжийг нь дээшлүүлж, алдаршуулах юм. Улсын аварга үйлчнээр бүтээл урлуулна гээд л бод л доо. Мөн бүх оролцогчиддоо “Уран үйлчин” гэсэн батламж, дурсгалын тэмдэг гардуулах юм. Үүнээс гадна бүх оролцогчид маань “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын гишүүн болж, эрхээ хамгаалуулна. 


-Гурван ч аймагт зохион байгуулаад амжсан гэсэн. Уран үйлчдийн маань сэтгэгдэл ямар байв?
 
-Хөвсгөл, Булган, Орхон аймагт зохион байгуулж, шилдгүүдийг нь тодруулаад байна. Үйлчид маань маш идэвхтэй ирж оролцсон. Хөвсгөл аймагт гэхэд 300 гаруй үйлчин оролцсон. Орхон аймагт 70 орчим бүтээл оролцсоны 40 орчим нь бүсийн тэмцээнд оролцох эрхтэй болсон. Оролцогчид маань үнэхээр сэтгэл хангалуун,  маш их урам зориг авч байгаа нь харагдаж байсан. Мундаг авьяастай үйлчид ч их олон байна. Эрдэнэтээс орсон нэг охин үнэхээр мундаг чадвартай, авьяастай. Ээж нь хүнд өвчтэй, өөрөө нялх хүүхэд хардаг ч авьяас, чадвар, хийц нь үнэхээр үнэлэхгүй байхын аргагүй. Монгол цамцаа жирэмсэн ээжүүдэд зориулж хийсэн байсан. Төрсний дараа ч өмсөх боломжтой, тэгээд монгол хийцтэй гээд бодохоор ямар мундаг сэтгэсэн нь харагдаж байгаа юм. Тэр охин дараагийн шатандаа тэнцэж, бас нэгэн компаниас захиалга авчихсан. Энэ л манай уралдааны үр дүн шүү дээ.  

-Уралдааны Улаанбаатар хот дахь бүртгэл эхэлсэн гэсэн. Бүртгүүлье гэвэл оёдолчид маань хаана хандах вэ? 
 
-Дүүрэг тус бүрт бүртгэл явуулна. Анкет, иргэний үнэмлэхний хуулбар байхад л хангалттай. 88109179, 99910193 дугаар болон фэйсбүүк дэх “Uran uilchin ulsiin uraldaan” пэйж хуудсаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

-Оролцогчдод ямар шалгуур тавьж байгаа вэ?
-Ямар нэг шалгуур огт байхгүй. Энэ уралдаанд Монгол хувцас оёдог бүх хүн нас, хүйс, мэргэжил харгалзахгүйгээр оролцож болно. 
Н.Гантуяа
 
Related news