Ил хант улсын түүхийн холбогдолтой баримтын жагсаалтыг гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-10-28 15:55:30

Монгол Улсын ШУА, Исламын Бүгд Найрамдах Иран Улс / ИБНИУ/-ын ГХЯ-ны Сургалт, судалгааны төв хамтран зохион байгуулж буй олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

“Хижрийн 7-8, Нийтийн тооллын XIII-XIV зууны Азийн соёл иргэншлийн үнэт зүйлс Гэрэгэ” сэдвийн дор зохион байгуулж буй тус хуралд ИБНИУ-ын эрдэмтдээс гадна Япон, Солонгос, Казахстан, ОХУ, БНХАУ, БНТУ, БНЭУ-ын 30 орчим эрдэмтэн, судлаач оролцож байна.

ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин хэлэхдээ, “Монголын талаас Ираны архив номын санд хадгалагдаж буй Ил хант улсын түүхийн холбогдолтой баримтын жагсаалт гаргахаар ажиллаж байна. 4 км үргэлжлэх Ираны түүхэн архивт Монголын хаадын үеийн алт, мөнгөн гэрэгэ, алтан тамга, зоос, Ил хаадын үеийн урлагийн шаазан зэргээс эхлээд түүхийн арвин олдвор бий. Үүний томоохон хэсэг нь эртний монголчуудын соёл иргэншлийн нэг хэсэг болсон гэрэгэг судлах явдал. Хоёр орны судлаачдын хамтарсан баг хоёр жилийн хугацаанд 5 чиглэлээр ажил гүйцэтгэнэ. Энэхүү хурал нь Монголчуудын дэлхийн түүхэнд үзүүлсэн нөлөө, Ил хант улсын түүх, Монголын эзэнт гүрний судалгааны түүхийн сан хөмрөгийг  улам баяжуулна гэдэгт найдаж байна” гэв.

Уг хуралд XIII-XIV зуунд Азийн соёл иргэншилд Монголчуудын дэлгэрүүлсэн Гэрэгэний  нийгэм, улс төр, эдийн засгийн ач холбогдлын талаар гадаад дотоодын эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүлж байна.

БНХАУ-ын Өвөр Монголын Соёлын өв, археологийн хүрээлэнгийн захирал Чен Ёнгзи “Монголын үеийн гэрэгэний судалгаа” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ,  “Бээжингээс 1925 онд, Өвөр Монголын нутгаас 1980-аад оны үед мөнгө,  2000 онд Өвөр Монголын Хянган аймгийн нутгаас алтан гэрэгэ олдож байсан. Алтан хийцтэй гэрэгэ нь Өвөр Монголын их сургуульд хадгалагдаж байгаа. Энэхүү гонзгой дөрвөлжин хэлбэртэй, алтан гэрэгэ нь дэлхийд цорын ганц алтан хийцтэй,  дотроо дөрвөлжин буюу пагва үсэгтэй гэрэгэ болно. Гэрэгэн дээрх бичиг үсэг нь хааны зарлигийг уламжилсан агуулгатай байдаг. Тухайлбал, Мөнх тэнгэрийн хүчин дор, их хааны суу заль дор гэсэн үг бичээстэй. Мөн их хааны зарлиг бол зөрчиж болохгүй, халдаж болшгүй дархан зүйл байдаг” хэмээн дурдав.

Монголын Ил хаадын явуулж байсан гадаад дотоод бодлого, хойч үедээ үлдээсэн өв, уламжлалын талаарх энэхүү олон улсын хурал маргааш өндөрлөнө.

 

Ж.Болор

Related news