Онц дүнтэй "Дэггүй Лиз"

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2017-05-29 12:53:45

УДБЭТ-ын хамт олон Францын алдарт хөгжмийн зохиолч Ф.Херольдын “Дэггүй Лиз” бүжгэн жүжгийг тайзнаа найруулан тавьж үзэгчиддээ бэлэг барив. Театрын хамт олон, уран бүтээлчид жил бүр нэг шинэ уран бүтээл үзэгч олондоо хүргэхийг зорьдог. Өнгөрсөн онд дөрвөн балетмейстерийн “Дөрвөн өнгө” хэмээх бүжгэн жүжгийг толилуулж байсан бол энэ жилийн хувьд “Дэггүй Лиз”-ээр урын сангаа баяжууллаа.

Онцлог хийгээд үнэ цэнэ

Сонгодог бүжгийн хөдөлгөөн, ялангуяа үсрэлтүүд ихтэй байдаг бөгөөд үүн дээр тулгуурлан улам боловсронгуй болсноор бүжигчид нисэх мэт сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлдэг. “Дэггүй Лиз” бүжгэн жүжгийн хувьд үсрэлтүүд ихтэй хийгээд үйл явдлын элементүүд нь хошин өнгө аястай бичигдсэнээрээ онцлогтой.

Үйлдэл, хөдөлгөөн, хөг аянд тулгуурлан амьдралыг уран сайхны дүрээр илэрхийлдэг урлагийн хэлбэрийг бүжиг гэнэ. Харин бүжгэн жүжиг нь утга санаа үйл, явдлыг хөгжмийн ая, бүжгийн хөдөлгөөний өвөрмөц дүрээр илэрхийлж, дүрслэх урлаг зэрэг бусад төрөлтэй хамтран бүтээгддэг тайзны нийлмэл урлаг юм. Тиймдээ ч сонгодог бүжиг дэлхийн ард түмний бүжгийн хамгийн шилдэг элементүүдийг шингээсэн бүжгийн урлагийн уран сайхны дүрээ илэрхийлэх гол хэлбэр болж хөгжсөн юм.

Энэхүү хэлбэр, үйл хөдөлгөөний бүхий л элементүүд нь хошин бүжгэн жүжигт жинхэнэ тусгалаа олж чадсан байдаг. Үүнийг хамгийн сүүлд УДБЭТ-ын тайзнаа тавигдсан “Дэггүй Лиз” бүжгэн жүжгээс харж болно.

Хамгийн гол нь тус бүжгэн жүжиг дан ганц урлагийн мэргэжилтнүүд, насанд хүрэгчидэд зориулсан бус бүхий л насныхан, тэр дундаа хүүхдүүдэд зориулсан гэдгээрээ онцлогтой бөгөөд өдгөө ч үнэ цэнээ алдаагүй хэвээр.

Зөв шийдвэр

Монголын балетчдын өвөг эцэг болох Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Жамьяндагва нэгэнтээ “Балет бол тэнгэрлэг урлаг юм. Тэнгэр лүү тэмүүлсээр байгаад өлмий дээрээ бүждэг болсон” хэмээсэн байдаг. Бүжгэн жүжиг үзэгчдэд ийм тансаг мэдрэмж хайрлахаар гадна, хувь хүнийг баясуулан цэнгүүлж, урлагийн мөн чанарыг ойлгуулж байдаг.

Тус бүжгэн жүжигт гэр бүлийн зөрчлийн талаар өгүүлдэг. Өнөөгийн нийгэмд улам их тохиолдох болсон үзэгдлийг хошин байдлаар шүүмжлэн харуулна. Тариачин хатагтай Симона үзэсгэлэнт ганц охин Лизтэйгээ амьдардаг бөгөөд охиноо хөрөнгө чинээтэй айлын ганц хүүтэй суулгахаар тохирдог аж. Лиз охин өөртэй нь суулгахаар болсон Аленд дургүй бөгөөд сэтгэлт залуу Колентайгаа гэр бүл болохыг мөрөөднө. Бүжгэн жүжгийн гол зангилаа энд буй.

Симона хатагтай ганц охиноо бусдаас харамлан сүй тавих өдөр хүртэл нь гэрээс гаргахгүй, цагдан хорьж байгаагаар бүжгэн жүжиг цааш өрнөдөг. Хэдийгээр Лиз охин хайр сэтгэлийнхээ төлөө тэмцдэг ч ээждээ мөн санаа тависаар байдаг. Түүнтэй суулгах гэж буй баян эрхмийн хүү Ален хэдийгээр 20 настай ч сэтгэхүй нь балчир бөгөөд тоглож наадах дуртай нэгэн. Энэ нь гол “комеди” дүр ба бүжгэн жүжигт хошин өнгө аясыг нэмж өгнө.

Энэ бүх үйл явдлын холбоосыг нэг зүгт чиглүүлэн залж, урлагийн бүтээл болгох үүрэг найруулагч хүнд байдаг. Монголд ховорхон тоглогддог хошин аястай, хүүхдэд зориулсан бүжгэн жүжиг шинээр найруулан тавихаар зориглосон нь УДБЭТ-ын балетмейстр, хөтлөх найруулагч Ц.Чинзоригийн тун зөв, зоримог шийдвэр байлаа.

Онц дүн тавихын учир

Нэгдүгээрт тайз засал, гэрэл чимэглэлийн тухайд ярих нь зөв болов уу. Ер нь хэдэн жилийн өмнөөс “Найрсаг Улаанбаатар” төсөл хэрэгжиж эхэлснээс хойш урлаг, соёлын үйлчилгээ явуулдаг бүхий л албан газрууд гэрэлтүүлэг, тайз засал, чимэглэлд гойд анхаарах болсон. Түүнээс өмнө ч анхаарч ажиллаж ирсэн гэдгийг уншигчид сайн мэдэх ч гэлээ, техник технологийн дулимаг байдалтай байсан анзаарагддаг.
Харин өдгөө асуудлыг шийдсэн харагдана. Хүссэн засал чимэглэлээ хийж чадсан, үзэгчдийг “пөөх” гэж уулга алдуулам гурван янзын тайз “Дэггүй Лиз” бүжгэн жүжгийн үеэр нүдний өмнө амилав. Тайз заслаас үзэхэд л бүжгийн жүжгийг бүтээхэд хэчнээн олон хүний хөлс хүч, хөдөлмөр шингэсэн нь илт харагдана.

Монголын ДБЭТ байнгын үйл ажиллагаа явуулдаг Азийн цөөн театрын нэг гэдгийг бүгд мэднэ. Балетчдын хөгжлийн хувьд ч дэлхийн түвшинтэй эн тэнцүүхэн яваа гэж хэлэхэд хилсдэх зүйлгүй. Тиймдээ ч хоёрдугаарт “Дэггүй Лиз”-ийг тайзнаа амилуулсан уран бүтээлчдэд талархал илэрхийлэх учиртай. Бүжгэн жүжгийн Лизийн дүрд МУСТА, балетчин Б.Саруул, Симона хатагтайн дүрд МУГЖ Х.Мөнхгөнхөлөг, Коленд СТА А.Эрдэнэболд, Аленд М.Нямтайван, Т.Хан-Очир нар тоглосон юм.

Бүжгэн жүжгийн сүүлийн үзэгдэлд Симона хатагтай охиныхоо шийдвэрийг хүлээн зөвшөөрч хайртай хүнтэйгээ аж төрөхийг зөвшөөрнө. Харин банкны захирал эзэн уурлах боловч Симона хатагтай Лиз охин, түүний хайртай залуу Колен хоёрыг цээжээрээ хамгаалдаг. Уурссан баян эр хүү Аленыгаа чирэн одох бөгөөд тэднийг гарсны дараа найр наадам үргэлжилнэ.

Найр өндөрлөж хөшиг хаагдах нь уу гэтэл Ален дахин тайзнаа гарч ирдэг. Нэг юмаа мартсан мэт хөдөлгөөн хийж тайзан дээр хэд эргэлдэснээ ширээ очиж шүхрээ шүүрэн аваад нүүрэндээ наан энхрийлнэ. Үүнийг харсан үзэгчид инээлдэнэ. Ийнхүү үзэгчдийн инээд хөөр, нижигнэсэн алга ташилтан дор “Дэггүй Лиз” бүжгэн жүжиг төгсөнө.

Жүжигт хоржоонт, хошин өнгө аяс оруулдаг хамгийн чухал нь болох Алены дүрийг тайзнаа амилуулсан М.Нямтайван, Т.Хан-Очир нарыг энэ удаад онцлох хэрэгтэй. Дүрийн сэтгэлзүйн ойлгох, нүүрний хувиралт, жүжиглэлтээс нь ямар нэгэн алдаа олж харахад бэрх байлаа.



Улс орны хөгжил, нийгэмд тохиолдоод буй хямралаас шалтгаалан дутагдах, гачигдах зүйлс тэдэнд олон бий. Гэсэн ч урьд урьдныхаасаа илүү боловсронгүй болж, эрс сайжирч байгааг үгүйсгэж болохгүй. Тэд алхам, алхмаар урагшилж шат ахисаар л байна.
 
Б.Алтанхуяг
Related news