“Харри Поттер ба хараагдсан хүүхэд”-ийн тасалбар дуусчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
aminaa@montsame.mn
2015-10-29 17:03:55

ЛОНДОН. /BBC/.  “Харри Поттер ба хараагдсан хүүхэд” жүжгийн эхний ээлжийн тасалбар зарагдаж дууссанаар продюсерүүд урьдчилан захиалсан үзэгчдэд зориулж хоёр дахь ээлжийн тасалбарыг бэлдэж эхэллээ.

2016 оны долдугаар сарын 7-оос есдүгээр сарын 18 хүртэлх тоглолтын тасалбаруудыг лхагва гарагийн 11 цагт зарж эхэлсэн ч хэдхэн цагийн дотор дууссан байна. Тасалбарыг цахим хуудсаар дамжуулан худалдаж авахад тулгарсан техникийн саатлын талаар фенүүд гомдолложээ. Олон фенүүд тасалбарыг худалдаж авахаар хэдэн цагийг интернэтэд өнгөрөөсөн тухайгаа “Twitter”-д санал бодлоо илэрхийлж байв.

Лхагва гарагийн өглөө 120 мянга гаруй фенүүд тасалбарыг худалдаж авахаар цахим хуудсанд хандсан ч хэсэг хугацааны өөр цахим худалдааны хуудсанд 1500 доллароор үнэлэн байршуулсан байжээ. 

Жоан Роулингийн алдарт зохиол дээр уг жүжиг тулгуурласан бөгөөд Жек Торн, найруулагч Жон Тиффани нар хамтран бичжээ.

Уг жүжгийн зохиол нь Харри Поттерын найм дахь цуврал юм. Харри Поттерийн зохиолоор хийсэн анхны тайзны жүжгийг хоёр хуваах бөгөөд Лондоны  Уэст-Эндийн “Palace” театрт ирэх зун нээлтээ хийнэ.

Харри Поттерийн сүүлчийн номны төгсгөлөөс хойш хэдэн жилийн дараа Шидтэний яамны ажилтан, гурван хүүхдийн эцэг болсон Харри, түүний хүү Албус нарт тохиолдсон адал явдлаар жүжиг өрнөх юм.

Х.Аминаа

 

Related news