Дэлхийн байгаль хамгаалах өдрөөр Ховд Нисэх буудалд цахим самбар байршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-07 09:05:30
Ховд/МОНЦАМЭ/ Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан Ховд аймгийн  Байгаль орчин, аялал жуулчлалын газар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтайн бүсийн салбарын санхүүгийн дэмжлэгтэйгээр орон нутгаа сурталчлах нэгэн шинэ ажлыг эхлүүллээ.
Аялал жуулчлалын улирал ирж байгаатай холбогдуулан  Ховд аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар байгаль, түүх, соёлын нөөцийг хадгалах, хойч үедээ сурталчлан таниулах, жуулчдын тоог нэмэгдүүлж аймгийн нийгэм-эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Олон улсын Нисэх буудал дээр цахим мэдээллийн булан, сурталчилгааны цахим самбаруудыг байрлууллаа.
Цахим мэдээллийн булан байрлуулснаар иргэд мэдээллийг түргэн шуурхай хүлээн авах, аялал жуулчлалын зорих газруудын мэдээллийг авснаар сүүлийн үед хүчээ авч байгаа дотоодын аялал жуулчлал хөгжихөд түлхэц болж байгаа юм.
Дэлхий нийтийн асуудал болоод байгаа ногоон хөгжлийн үзэл баримтлал, байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа, иргэдэд экологийн боловсрол олгох зорилгыг давхар агуулж байна.
Ховд аймаг нь Баруун бүсийн эдийн засгийн тулгуур төв төдийгүй хэвтээ болон босоо тэнхлэгийн авто замын уулзвар дээр оршиж, ОХУ, БНХАУ-тай хиллэдэг тул аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм.
Ховд  аймгийн нутаг дэвсгэр нь мөнх цаст уулс, мөсөн голууд, говь цөл бүхий байгалийн олон бүс бүслүүрүүд,  өвөрмөц сонин тогтоцтой үзэсгэлэнт газрууд, түүх, соёлын өвүүд арвинтай төдийгүй нүүдэлчин ахуй, олон үндэстэн ястны соёл, тэдгээрийн байгальтайгаа зохицон амьдарч ирсэн уламжлалыг хадгалснаараа аялал жуулчлалыг хөгжүүлэх арвин их нөөцтэй юм. 
Цахим мэдээлэл нь гадаад, дотоодын аялагчид, жуулчид Ховд аймагт анх хөл тавимагц,сонин, содон сонирхолтой байгаль,түүх,соёлын мэдээлэлтэй танилцах гүүр болж байна. 
Дэлхийн Байгаль Хамгаалах Өдрийг анх 1972 онд тэмдэглэсэн түүхтэй.
НҮБ-ын Байгаль Хамгаалах Байгууллага  нь байгаль орчны асуудлыг иргэн бүрт хүртээж, иргэн бүрийн байгаль орчны хариуцлагыг ухамсарлуулахаас гадна иргэн хүн өөрөө эерэг өөрчлөлт хийж чадах  хүч чадварыг нь ойлгуулж өгдөг, олон орны  хүмүүсийг эрүүл, ногоон орчинд амьдрах гэрэлт ирээдүй рүү нэгтгэсэн өдөр юм
А.Бямбасүрэн
Related news