Катарыг дэмжсэн АНЭУ-ын иргэнийг 15 жилийн хорих ялаар шийтгэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА./TASS/. Катарын явуулж байгаа бодлогыг дэмжиж буй өөрийн улсын иргэнийг 15 хүртэл жилийн хорих ялаар шийтгэнэ гэж Арабын Нэгдсэн Эмирт улсын /АНЭУ/ эрх баригчид мэдэгджээ. Энэ тухай Gulf News сонинд тус улсын Ерөнхий прокурорын хэлснийг иш татан мэдээллээ.
“Нийгмийн сүлжээ ашиглаж эсвэл бичгэн ба аман хэлбэрээр Катартай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн, түүнчлэн Катарын байр суурийн талаар буруу зөрүү хандлага гаргасан, мөн АНЭУ-ын байр суурийг эсэргүүцэж байгаа иргэдийн эсрэг хатуу бөгөөд эрс шийдэмгий арга хэмжээ авах болно” гэж АНЭУ-ын Ерөнхий прокурор Хамад Саиф аш-Шамси мэдэгдсэн байна. Хорих ялаас гадна энэ анхааруулгыг үл ойшоосон хүмүүст 500 мянган дирхамын /135 000 доллар/ торгууль ногдуулах аж.
О.Барс