Ханжоу хотын инновацийн хөгжлийг илэрхийлэх "Алибаба"-аар зочиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
ariunzaya@montsame.mn
2017-06-08 11:08:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монголын 47 сэтгүүлч хоёр багт хуваагдан аяллаа үргэлжлүүлсэн бөгөөд эхний багийнхан Бээжин-Гуанжоу-Шиньжинг зорьсон бол МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридаар ахлуулсан хоёрдугаар багийнхан Бээжин-Ханжоу-Нингбо гэсэн маршрутаар аялахаар 6 дугаар сарын 2-нд Бээжингээс нисч, инновацийн хөгжлөөрөө хятадад төдийгүй дэлхийд тэргүүлж буй үйлдвэр, компанийн үйл ажиллагаатай танилцаж, инновацийн шинэ санаа үйлдвэрлэлд хэрхэн нэвтэрч байгааг сурвалжлав.

Сэтгүүлчдийн баг Ханжоу хотод хүрэлцэн ирж, онлайн үйлчилгээгээ дэлхийн өнцөг булан бүрт хүргэдэг Алибаба груп, инновацийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх компаниудыг сургаж буй Dream хотхонтой танилцлаа.

Жэжян муж нь БНХАУ-ын зүүн өмнөд Хөх мөрний сав газрын өмнө Ши Ху нуурын орчмын газар нутаг, эртний хятадын соёл иргэншлийг харуулсан өлгий нутаг, байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд төв нь Ханжоу хот юм.

Энэ хот нь хөдөө аж ахуй эрхлэлт, цай, торго үйлдвэрлэл, далайн гаралтай мөн хулсан бүтээгдэхүүнээрээ эрт үеэс алдартайн дээр орчин цагт онлайн худалдаагаараа хятадад тэргүүлдэг.

Өнгөрсөн онд G20 дээд хэмжээний уулзалт Ханжоу хотод болсон  бол 2018 оны Дэлхийн богино зайн сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн, 2022 оны Азийн наадам тус хотноо зохион байгуулагдах аж.



Ханжоу хотод ирээд хамгийн түрүүнд зочилсон газар маань 1999 онд байгуулагдсан “Алибаба” груп байлаа. Үүсгэн байгуулагч, захирал Ма Юн нэгэнтээ хэлэхдээ “Бээжинд ажил хийх гэж очоод бүтэлгүйтлээ. Харин Ханжоуд ирээд ажлаа бүтээлээ” хэмээснийг илэрхийлэх Хятадын Цагаан хэрэм дээр авахуулсан гэрэл зургаас сэдэвлэн тосон будгаар зурсныг хана дүүрэн дэлгэжээ.

“Алибаба” дөнгөж байгуулагдахдаа албан тасалгаа ч байхгүй, гэр хорооллын цэцэглэгт хүрээлэн болон өөрсдийн гэртээ хурлаа хийж гараагаа эхэлж байсныг тус групын олон нийттэй харилцах мэргэжилтэн Лао Бонг хэлсэн юм. 

Тэрбээр, цааш нь танилцуулахдаа, -Бид үйлчлүүлэгчдээ дээдэлж, өөрчлөлт шинэчлэлийг хамгийн эхэнд тавьдаг. Мөн нийгмийн тустай үйл хэрэгт байнга гар бие оролцдог. БНХАУ-д шувууны ханиад гарах үед манай ажилчид үйлчлүүлэгчдээ хүндэлж, орон гэрээсээ ажлаа хийж байсан жишээ бий.

Манай групп 2016 онд гурван мянган тэрбум юанийн бизнес хийснээ 2020 онд 6 мянган тэрбум юань болгох төлөвлөгөөтэй байгаа. “Хос 11”-ын өдөр буюу жил бүрийн 11 дүгээр сарын 11-ны өдөр цахим дэлгүүрийн хямралтай худалдаа нь хятадын хамгийн их борлуулалт хийдэг өдөр байгаа. Энэ өдөр дэлхийн 235 улс орноос захиалга ирдэг. Нийт үйлчлүүлэгчдийн 80 гаруй хувь нь хөдөлгөөнт холбоо буюу гар утас ашигладаг. Хөдөө тосгонд тэдний газар тариалан, гар урлалын бүтээгдэхүүнийг манай онлайн худалдаагаар дамжуулан худалдаалдаг. Дэлхийн хамгийн том сүлжээ бүхий эдийн засгийн цогц бий болгох зорилго тавьсан. Сүлжээгээрээ дамжуулан даяарчилсан эдийн засгийн бүсийг бий болгоно. Одоогоор бид ложистик, үүлэн тооцоо, онлайн худалдаа, банк санхүү гэсэн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа. Онлайн худалдаагаар бүх дэлхийд бараа бүтээгдэхүүнээ зарах үүргээ биелүүлж байна.



Тухайлбал, Чили, Ватизан, Африк гэхчлэн хятадаас хол байдаг орноос ч захиалга ирдэг. Ганцхан онлайн худалдаа биш маш бага зардал гаргаж үүлэн тооцоо, худалдааны тоо баримт, статистик мэдээлэл гаргаснаар банк санхүү, гааль, жижиг дунд аж ахуйн нэгжийн ажлын ачаалал, давхардлыг бууруулахад туслах юм. Тухайлбал банкнаас зээл авахын тулд үйлчлүүлэгч гар утаснаасаа мэдээлэл явуулаад нэг секундын дотор хариугаа авах боломжтой. Уламжлалт ачилт хийхэд заавал машин, ачих хүн хэрэгтэй бол орчин цагт ложистикийн хувьд хүний хүч орохгүй, автомат ухаалаг тавцангаар үйлчилж байгаа. Ингэснээр хятадын хэрэглэгчдэд 24 цагийн дотор, дэлхийн хэрэглэгчдэд 72 цагийн дотор үйлчилгээгээ хүргэж байгаа” гэдгийг хэллээ. Тус груп 2014 оны 9 сард албан ёсоор Нью-Йоркийн хөрөнгийн биржид хувьцаа гаргаж, эхний өдрийн зах зээлийн үнэ нь 230 тэрбум ам долларт хүрч байсан дэлхийн хоёр дахь том онлайн үйлчилгээний компани юм.

Монголын сэтгүүлчдийн баг “Алибаба” груптэй танилцсаны дараа Ханжоу хотын ирээдүйн шинжлэх ухаан, технологийн парк болох “Мөрөөдөл” хотхоноор зочиллоо. “Dream”буюу Мөрөөдөл хотхонд өмнө нь амуу будаа, тариа хадгалах агуулах байжээ. Харин 2014 оны наймдугаар сард Засгийн газрын дэмжлэгээр “Мөрөөдөл” хотхоныг байгуулан, шинэ загвар үйлвэрлэгчийг дэмжиж, эдийн засгийн өсөлт бий болгох зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Засгийн газраас орон байраар хангаж байгаа бөгөөд интернэтээр төсөл хэрэгжүүлж олон аж ахуйн нэгжүүдийг хамруулдаг аж. Америк-Ханжоу хот олон төсөл дээр хамтран ажиллаж компаниудыг бэлтгэн, сар бүр заавар зөвлөгөө өгч явдаг. Гадаадын компани, их сургуулиадтай хамтран ажиллаж жилд 4 удаа харилцан ярилцах уулзалт зохион байгуулдаг. Одоогийн байдлаар тус хотхон 30 гаруй салбарын 990 гаруй аж ахуйн төсөл боловсруулж, нэг сая гаруй юанийн санхүүжилтээр 110 гаруй төслийг 680 гаруй байгууллагад хэрэгжүүлжээ. Ингэхдээ 50 сая юаниас доош хөрөнгөтэй компанийг хамруулан санхүүгийн дэмжлэг үзүүлдэг аж.
 
 Б.Оюундэлгэр
Related news