Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар иргэдтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-06-12 21:13:47

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "Өөр гарц байна, бидэнд итгэ" уриатайгаар  МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Алтай хотноо 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон сонгуулийн кампанит ажлынхаа баг бүрэлдэхүүний хамт хүрэлцэн ирлээ. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Алтай хотод ирээд ард  иргэдтэй хийх уулзалтаа   "Шинэлтай"  худалдааны төвөөс эхэлж,  дараа нь Улсын баатар М.Жанчивын талбайд иргэд сонгогчидтой уулзлаа. 

Нэр дэвшигч С.Ганбаатар “Би Ерөнхийлөгч болвол Монголд шударга ёсыг тогтоож, энэ нүгэлд идээшчихсэн, хулгай нүүрлэсэн төрийг барьцаанаас салгаж, Монголын ард түмэнд үйлчилдэг 3 сая Монголчуудын төр болгоно. Би цагаан сайхан сэтгэлтэй ард түмнийхээ ач тусаар өдий дайтай яваа. Энд зөвхөн биднийг дэмжигчидшударга Ерөнхийлөгчтэй болохыг хүссэн, иргэдийн цугларал болж байна. Бидэнд гарц бий. Гагцхүү та бүхэн надад итгээрэй” хэмээв.

Түүнийг намын гишүүд дэмжигч, ахмад, залуу үе болон эмэгтэйчүүдийн төлөөлөл дэмжиж байгаагаа илэрхийлэн үг хэлж хандив өргөж байлаа. Уг арга хэмжээнд Говь-Алтай аймгийн бүх сумдын МАХН-ын мянгатын дарга, гишүүд дэмжигчдийнхээ хамт оролцсон байна.

 

                                               Ш.Цоодол

 

Related news