Ц.Мөнх-Оргил: Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах асуудлыг нэг алхмаар урагшлууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
mn_tuul@montsame.mn
2017-06-16 15:13:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын 4 дүгээр бага хурал Улаанбаатар хотноо хоёр өдөр болж өндөрлөлөө. Хурлын үр дүнг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос тодрууллаа.

-Салбарын сайдын хувьд бага хурлын үр дүнг юу гэж дүгнэж байна вэ?

-“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын 4 дүгээр бага хурал ГХЯ-нд дөрөв дэх жилдээ болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээг ГХЯ, ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэн болон олон улсын байгууллагуудтай хамтарч зохион байгуулдаг. Энэ удаагийн бага хуралд эрдэмтэн судлаачдаас гадна Зүүн хойд Азийн 5 улсын Засгийн газрын төлөөлөл оролцож, хоёр өдрийн хугацаанд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ. Үүнээс гадна Зүүн хойд Азийн улс орнуудын эрчим хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэх, найдвартай эх үүсвэрийг бий болгох, түүнчлэн байгаль орчин тэр дундаа усны тойрсон асуудлыг дэлгэрэнгүй ярилцлаа. Ер нь дэлхийн улс орнуудад усны асуудал их чухал болоод байна. Хэдхэн хоногийн өмнө НҮБ-ын Аюулгүйн зөвлөл анх удаа Усны асуудлыг авч хэлэлцлээ шүү дээ. Иймд бид бас усны асуудлыг авч хэлэлцээд цааш нь үргэлжлүүлэн ярилцах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн бага хурлын хүрээнд Зүүн хойд Азийн 6 улс нэг дор цугларсаныг онцлох хэрэгтэй. Эдгээр 6 улс бусад өөр ямар ч арга хэмжээнд цуглардаггүй юм. Хоёрдугаарт аюулгүй байдлын асуудлаар талууд албан болон албан бус байдлаар санал солилцох нөхцөл бололцоог бүрдүүллээ. Гуравдугаарт Монгол Улс гадаад бодлогын гол зорилтуудаа танилцууллаа. Тухайлбал, БНХАУ, ОХУ-тай хөгжүүлж байгаа Эдийн засгийн коридорын талаар танилцуулахын зэрэгцээ энэ хүрээнд бусад орнуудтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн улс орны нийгэм, эдийн засгийн байдал, түүнийг хэрхэн шийдвэрлэж байна вэ гэх зэрэг асуудлаар мөн мэдээлэл өглөө. Ингэснээр Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах асуудлыг урагшуулсаны зэрэгцээ Монгол Улсыг дэлхийн тавцанд таниулсан чухал арга хэмжээ боллоо хэмээн дүгнэж байна.



-Монгол Улсын гадаад бодлогын зорилтуудаар мэдээлэл өгсөн гэлээ. Манай улс Зүүн хойд Азид ямар бодлого барьж байгаа вэ?

-Юуны өмнө Зүүн хойд Азид аюулгүй байдал тогтох ёстой. Түүн дотроо Солонгосын хойг цөмийн зэвсэггүй бүс байх болох нь чухал явдал юм. Монгол Улс нь цөмийн зэвсэггүй улс гэдгээ зарлаж, НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн 5 гишүүн орноор баталгуужуулсан улсын хувьд туршлагаасаа хуваалцлаа. 

Өнөөдөр дэлхий дээр Ойрхи Дорнод, Сири хийгээд Солонгосын хойг гэсэн хэдхэн анхаарлын төвд байгаа халуун цэг байна. Эдгээр олон нийтийн анхаарлыг татаж буй асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улс бага ч гэсэн хувь нэмрээ оруулах ёстой. Тиймээс тулгамдаж буй аливаа асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдэх ёстой хэмээн үзэж байгаа юм. Үүний тулд улс орнууд хэн нэгнээс айж болгоомжлох зүйлгүйгээр бие биетэйгээ уулздаг бүс нутаг байх ёстой юм. Ийм л цөөн газрын нэг нь Монгол Улс. Иймд энэхүү нөөц бололцоондоо тулгуурлаж манай улс бага хурлыг үр дүнтэй зохион байгуулж чадлаа.

-Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах механизмыг бүрдүүлэхийг чухалчилж байгаа тухай энэ үеэр ярьж байсан. Олон улсад ямар жишиг үйлчилж байна вэ?

-Олон улсад тогтсон арга механизмууд олон бий. Жишээлбэл, Европын холбооны хэрэгжүүлдэг механизмуудыг нэрлэж болох юм. Африк гэхэд Африкийн бүх орнуудыг хамруулсан механизмтай байдаг. Гэтэл Зүүн хойд Азид ийм механизм үгүйлэгдэж байна. Монгол Улс 1980, 2000 онд энэ төрлийн санаачилгыг дэвшүүлж байсан. Саяны бага хуралд оролцогчдын зүгээс бүс нутгийн аюулгүй байдлыг хангах тал дээр тодорхой механизм байх хэрэгтэй юм байна гэдгээ илэрхийлж байсан. 


-Манай улсын хувьд бүс нутгийн аюулгүй байдлыг хангах механизмыг бүрдүүлэх тал дээр ямар нэг дэвшүүлэхээр зэхсэн хувилбар байна уу?

-1980 онд манай улс Ази, Номхон далайд зэвсэг үл хэрэглэх олон улсын конвенци байгуулья гэсэн эхний санаачилгыг гаргаж байсан. Энэхүү санаачилга нь ямар ч тохиолдолд зэвсэг хэрэглэхгүй гэсэн агуулгатай. Хэрэв зэвсэг хэрэглэхгүй гэдэг дээр тохиролцвол итгэлцэл бий болдог. Итгэлцэл нэмэгдвэл ямар нэг маргаантай асуудлыг шийдэхэд дөхөмтэй байдаг. Ер нь Улаанбаатарын яриа хэлцээг өргөтгөөд олон улсын санал бодлоо солилцдог бага хурлын түвшинд авчирья гэсэн бодол бол бий. Гэхдээ өмнө нь талуудын санал санаачилгыг сонсож байж шийдвэрээ гаргах нь зүйн хэрэг юм.

-Ирэх жил болох бага хурлын сэдэв юу байх бол?

-Ирэх жилийн хэлэлцэх асуудлын сэдэвт аюулгүй байдлын асуудал байх нь зайлшгүй. Магадгүй хүмүүнлэгийн салбарын асуудал байж болох талтай. Мөн эдийн засгийн асуудал ч орж ирж болох юм.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Related news