Америкийн байлдааны нисэгчгүй онгоцуудыг Энэтхэгт нийлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-06-23 09:29:47
НЬЮ-ЙОРК./TASS/. АНУ  2 тэрбум доллароор 22 нисэгчгүй нисэх аппаратыг Энэтхэгийн агаарын цэргийн хүчинд нийлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Энэ тухай пүрэв гарагт Reuters агентлаг энэхүү том хэлцлийн талаар мэдэх эх сурвалжаас иш татан мэдээллээ.

Тус агентлагийн мэдээлснээр, Пентагон энэ хэлцлийн талаар Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн 6 дугаар сарын 26-нд АНУ-д хийх айлчлалын өмнө мэдээлэх гэж байгаа аж. Н.Модиг Вашингтонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүлээн авч уулзах юм. Нисэгчгүй нисэх аппаратыг нийлүүлж байгаа явдал нь тус хоёр орны цэргийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн бодлогын илэрхийлэл болно.

Өнгөрсөн оны 8 дугаар сард Business Standart сэтгүүлд Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Манохар Паррикар АНУ-д айлчлах үеэрээ Америкийн байлдааны “Predator” загварын байлдааны нисэгчгүй онгоцыг худалдаж авах боломжийг хэлэлцэх гэж байгаа тухай мэдээлж байв. Тус сонинд бичсэнээр, Энэтхэгийн эрх баригчид цаашдаа нисэгчгүй нисэх аппаратыг “Энэтхэгт үйлдвэрлэе” хөтөлбөрийн хүрээнд өөрийн оронд үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд технологийг нь Америкаас авах хүсэлтэй байгаа аж.

Үүнээс өмнө Вашингтоны эрх баригчид Энэтхэгийн талд орчин үеийн байлдааны нисэгчгүй аппарат, тэдгээрийг үйлдвэрлэх технологийг өгөхөөс татгалзаж байсан юм. Гэсэн хэдий ч Энэтхэг 2016 оны 6 дугаар сард “Пуужингийн технологийг хянах тухай хэлэлцээр”-т нэгдсэнээр Америкийн дронуудыг худалдаж авах боломж нь нэмэгдсэн байна. “Пуужингийн технологийг хянах дэглэм”-д нийтдээ 30 гаруй орон нэгдэн орсон ба уг хэлэлцээрийн гол зорилго нь цөмийн зэвсгийг тээвэрлэх нисэгчгүй системийг хийхэд ашиглаж болзошгүй технологи, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтэд хяналт тавих замаар цөмийн зэвсэг тархах эрсдлийг бууруулах явдал юм.
О.Барс 

 

 

 



Related news