Өсвөрийн волейболчид Говь-Сүмбэрт ур чадвараа сорьж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-02 13:13:40

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит волейболын өсвөрийн /15-16 нас/ Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Говь-Сүмбэр аймгийн БТСГ-ын спорт зааланд эхэллээ.

Энэ сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн эрэгтэй 36, эмэгтэй 39, нийт 75 багийн тамирчид өрсөлдөж байна.

Дашрамд сонирхуулахад, 15-16 насны өсвөрийн УАШТ өнгөрсөн онд Дундговь аймагт болоход 41 багийн 450 гаруй тамирчид өрсөлдсөн бөгөөд хөвгүүдээс Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай "Сэлэнгэ Номголжин" баг түрүүлсэн. Харин Д.Солонго дасгалжуулагчтай "ХасуМегаСтарс", Х.Рэнцэн дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн багууд мөнгө, хүрэл медалийг хүртэж байв. Охидын багаас алтан медалийг Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн баг авсан бол М.Гаамаа дасгалжуулагчтай Дундговь аймаг,С.Дэлгэрмаа дасгалжуулагчтай ХХЕГ-ын "Хилчин" багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм.

Д.Өлзий

Related news