Ой тогтоолтын тэмцээнд Монголын баг тасархай тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-02 15:00:37

Тайваньд өнгөрсөн /X.31-XI.01/ амралтын өдрүүдэд болсон Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Монголын баг тамирчид тасархай тэргүүллээ.

Тус тэмцээний бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд 12 орны нийт 81 оюуны спортын тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж оюун ухаанаа уралдуулав. Манай улсаас Монголын оюун ухааны академийн тамирчид ОУИМ Ө.Сэнгэсамдан, ИМ С.Цогдбадрах, өсвөрийн ОУ-ын аварга Т.Энхжин, ОУ-ын мастер А.Анударь, М.Төгөлдөр, Э.Ялгуун, Ш.Шижир-Од, М.Тамир нар дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт амжилттай оролцон авах боломжит 70 медалиас 38 медаль (20 алт, 4 мөнгө, 14 хүрэл) хүртэж нийлбэр дүнгээр Монгол Улс илт давуу түрүүлжээ.

Oдоогийн байдлаар өсвөрийн дэлхийн 17 дээд амжилтын 10-ыг нь эзэмшдэг Монголын тамирчид энэ удаагийн тэмцээнд авах боломжит 30 медалийн 19-ийг нь хүртэж, дэлхийд номер нэг гэдгээ дахин нотлов.

Нийлбэр дүнгээр насанд хүрэгчдийн ангилалд: 1. ОУ-ын их мастер Simon Reinhard (Герман), 2. Их мастер Zheng Aiqing (Хятад), 3. Их мастер Yanjindulam Altansuh (Швед) 4. ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан (Монгол) тус тус шалгарсан байна. Өсвөр насны ангилалд: 1. Т.Энхжин (Монгол) 2. А.Анударь(Монгол) 3. Э.Ялгуун (Монгол) нар эхний байруудыг эзэлжээ. Бага насны ангилалд:  М.Тамир (Монгол), 2. Jan Jelo Juanir (Филиппин), 3. Ш.Шижир-Од (Монгол) тус тус тодорлоо.

Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн их мастер С.Цогбадрах тэмцээний хамгийн хүнд төрөл болох сонсголын ой тогтоолт шалгасан Spoken Number буюу Дуут цифр төрөлд өөрийн эзэмшиж байсан Дэлхийн дээд амжилт (390 цифр)-ыг эвдэж 432 цифрээр шинэчлэн тогтоолоо. Өсвөр насны ангилалд ОУ-ын аварга Т.Энхжин “Олон багц хөзөр” төрөлд өмнө нь ИМ Э.Пүрэвжавын эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг мөн шинэчилсэн байна.

Дашрамд дуулгахад, Ирэх 12 дугаар сард 24 дэх удаагийн ой тогтоолтын ДАШТ болно.

Д.Өлзий

Related news