ОХУ-ын их, дээд сургуулийг онц дүнтэй суралцаж төгссөн оюутнуудыг шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Москва/МОНЦАМЭ/. ОХУ-ын их, дээд сургуулийг онц дүнтэй суралцаж төгссөн монгол оюутнуудыг ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа өнгөрөгч сарын 30-нд хүлээн авч уулзан дурсгалын зүйл гардуулав. ОХУ-ын ЭСЯ шилдэг оюутнуудаа шагнаж урамшуулдаг үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд 2016 онд 25 оюутан шагнал хүртэж байв.
Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа “Сурлага хөдөлмөр, урлаг спорт, амьдрах чадвараараа бусдаас ялгардаг та бүхнээрээ маш их бахархаж байна. Аливаа сургуулийн арга хэмжээнд уригдан очиход манай оюутнууд хамгийн авхаалжтай, цоглог нь байдаг. Та бүхэн эх орныхоо нэрийг үргэлж сайнаар дуурсгаж яваарай" хэмээн захив.
ОХУ-ын 50 гаруй хотод нийт 3500 орчим монгол оюутан суралцдаг гэсэн тоо бий. Энэ жил ОХУ-ын их, дээд сургуулийг 700 орчим оюутан төгсч байгаагаас 41 оюутан сурлагаараа тэргүүлэн улаан дипломтой суралцсаныг ОХУ дахь Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Ц.Сайнсанаа онцлов.
ОХУ-ын БХЯ-ны нэрэмжит Цэргийн их сургуулийн төгсөгч Г.Эрдэнэбат “Юуны түрүүнд энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж буй Монголын ЭСЯ, Элчин сайд Б.Дэлгэрмаа танд баярлалаа. Зургаан жил суралцах хугацаандаа Оросын түүх, соёл, зан заншлын гайхамшгийг мэдэрсэн. Мэдээж хэлний болон бусад бэрхшээл тулгарч байсан хэдий ч энэ бүгдийг даван туулж онц дүнтэй төгсч чадсандаа баяртай байна. Мэргэжилдээ эзэн болж эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Москва хот Л.Нандинцэцэг