Нэвт рашаан амралт ахмадуудыг хөнгөлттэй үнээр амраана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-06 10:06:04
Ховд/МОНЦАМЭ/Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль болон 2013 оны Засгийн Газрын 311 дүгээр тогтоолын дагуу ахмадын амралт сувилалын газарт амарч сувилуулах эрхийн бичгийн  хөнгөлөлтийн хэмжээг 20,0 мянган төгрөгөөр тооцож нийгмийн халамжийн сангаас олгох болсон билээ.
Энэ  онд энэхүү хөнгөлөлтийг эмэгтэй 55-аас дээш, эрэгтэй 60-н наснаас дээш настай ахмадуудад олгох шийдвэрийн дагуу  Ховд аймгийн  “Мянган Угалзат” ОНӨААТҮГ-ын харъяа “Нэвт” рашаан амралтын газар энэхүү хөнгөлөлтийг олгож байна.
Тус амралтанд амрах ахмадууд цахим үнэмлэхний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хувийн өргөдөл зэргийг бүрдүүлэн ирж тус амралтын газар амрах боломжтой болсон байна.
Амрагч нь  тухайн онд өөр амралт, сувилалд хамрагдаж хөнгөлөлт эдлээгүй байх, мөн хоёр хоногийн өмнө захиалгаа өгсөн байх шаардлагатай юм байна.
Нэвт рашаанд амрагчид төрөл бүрийн рашаан хүртэхээс гадна ахмадуудад зориулсан сүү, бумба, уламжлалт бариа заслын үйлчилгээг шинээр мэргэжлийн баг хамт олон түргэн шуурхай үзүүлж ажиллаж байна.
Нутгийн ардууд нэвтийн рашааныг 32 төрлийн 108 өвчнийг анагаах шидтэй гэж үздэг бөгөөд рашааны эхийг болгож эхний хөх булаг (өртөөний булаг) хэмээн ярилцдаг. Босгын эхээр ороод хөх үзүүр дээр байх рашааныг шүдний рашаан гэдэг. Энэ булгаас Хамар давааны амны дээд талын хөх үзүүрийн рашааныг толгойн рашаан гэж нэрлэдэг. Агуйтын араан суугийн усыг үе мөчний, доод улаан үзүүрийн рашааныг Цээрийн,Улаан хадны булгийг ходоодны ,Хар морьтыг цөсны Нэвтийн амны рашааныг доторийн гэх мэтээр нэрлэдэг. Түүний дэргэд эх замаг бүхий бяцхан хашаалсан усыг суудаг ус гэнэ. Түүний шаврыг үе мөч зэрэгт татаж хэрэглэдэг.
А.Бямбасүрэн
 
Related news